card

ХҮНДЭТ ГИШҮҮД

Беат Керэр
Beat Kehrer

Щвейцарийн мэс заслын их эмч Беат Керрер нь 1940 онд төрсөн бөгөөд 1977 оноос Сант-Галлен хотын эмнэлэгт Хүүхдийн мэс заслын их эмч, Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажилладаг.

2002 оноос Щвейцарийн мэс заслын эмч нарын баг буюу Swiss Surgical Team-ийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд мэс засал, эрчимт эмчилгээ, зайн эмчилгээг ядуу буурай оронд хөгжүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулдаг.

Тэрээр 2002 оноос өнөөг хүртэл Монгол улсад жил бүр 21 хоногоор ажиллаж нийт 300 гаруй хүүхдэд нарийн төвөгтэй мэс засал үнэ төлбөргүй хийсэн.

Швейцарийн мэс заслын баг нь: 12 жилд 221 Швейцарь эмч нар Монголд ирж давхардсан тоогоор нийт 1000 гаруй эмч, сувилагч нарт 1279 цагийн дадлагын хичээл, 512 цагийн лекц уншсан байна.

Щвейцарийн мэс заслын эмч нарын багийн дагуу Щвейцарь улсын 100%-ийн тэтгэлэгтэйгээр Монгол улсын нийт 26 эмч Швейцарьт 3-6 сараар мэргэжил дээшлүүлсэн. Жил бүр техник тоног төхөөрөмжийн тусламж үзүүлдэг бөгөөд зөвхөн 2006 онд 40 тоннын 10 контейнер, нийт 10 сая долларын багаж, тоног төхөөрөмж бэлэглэсэн.

Беат Керэр эмч нь Монголын мэс заслын нийгэмлэгийн хүндэт гишүүнээр 2009 онд сонгогдсон.


Реймонд Ричард Прайс
Raymond Richard Price

Реймонд Прайс эмч 1978-1980 онуудад ажиллаж байх үеэс дэлхийн хэмжээний анагаахын хүмүүнлэгийн ажил хийх санаа төрсөн бөгөөд энэхүү санаагаа Зүүн өмнөд азид хэрэгжүүлж эхэлжээ. 10 гаран жил ядуу буурай орнуудад эрүүл мэндийн боловсрол олгох ажилд идэвхтэй оролцохын зэрэгцээ сайн дурын хүмүүсийг идэвхтэй цуглуулан ажилдаа нэгтгэж чаджээ. Тэрээр Индонези, Этиопи, Экуадор, БНХАУ, Белиз, Монгол, Гаити зэрэг улсуудад сайн дурын ажилд удирдан оролцож байсан туршлагатай мэргэжилтэн юм.

Одоогоор тэрээр Свансоны гэр бүлийн сангийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн захирлаар ажилладаг. Энэ чиглэлээрээ Монгол улсын аймгийн төв болон бүсийн оношлогооны төвүүдэд дурангийн мэс заслын аргыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байна. Мөн хавдар, эмэгтэйчүүд, гэмтэл, нуруу нугасны мэс заслын чиглэлийн төслүүдэд хамтран ажилладаг. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын анагаахын зөвлөхийн ажил эрхлэхийн хажуугаар Гаитийн газар хөдлөлтийн дараах эрт үеэс эхлээд халуун цэг дээр ажилласан туршлагатай нэгэн.

Реймонд Прайс эмч нь Америкийн хоол боловсруулах болон дурангийн мэс засалчдын нийгэмлэг, Америкийн мэс засалчдын коллежийн удирдах зөвлөлд ажиллахын зэрэгцээ Юта мужийн захирагчийн зөвлөх туслагчаар ажиллаж байсан юм. Тэрээр Өнөөдрийн мэс засал, мэдээгүйжүүлэхийн Холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Яаралтай болон амин чухал үеийн Мэс заслын тусламжийг дэлгэрүүлэх олон улсын байгууллагын гишүүнээр ажилладаг.

Реймонд Прайс эмч нь Ютагийн Их сургуулийн Ерөнхий мэс засал болон Өрхийн урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тэнхмийн Зөвлөх хавсарсан Клиникийн профессор.

1983 онд Юта мужийн Их сургуулийн төгсөөд 1987 онд Харвардын Анагаахын Их сургуулийг дүүргэж хүний их эмч болсон. Мэс заслын резиденсийн сургалтанд хамрагдахаас өмнө Бостон хотын Бригхамийн эмнэлэгт 1992 он хүртэл ажиллажээ.

2009 онд Эрүүл мэндийн сайд Монгол улсад мэс заслын тусламж үйлчилгээг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсныг нь үнэлж Хүндэтгэлийн медалиар шигнажээ.

Реймонд Прайс нь Монголын мэс заслын нийгэмлэгийн хүндэт гишүүнээр 2011 онд сонгогдсон.


ДАМБАЕВ Георгий Цыренович
Орос улсын Анагаахын шинжлэх ухааны академийн гишүүн, Буриад улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, АУ-ны доктор, профессор

1942 оны 6-р сарын 18-д Буриад улсын Холой тосгонд Гумпылов Даши-нема Будаевичийн гэрт төржээ.

1965 онд Чита улсын Анагаахын Их сургууль, 1971 онд Томскийн Их сургуулийн Эмнэл зүйн ординатурыг тус тус төгсчээ. 1973 онд “Хоол боловсруулах замыг гүрвэлзэх хөдөлгөөнийг цахилгаан механикийн аргаар бүртгэх нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан.

1965-1969 онуудад Чита мужийн Баляга тосгоны хэсгийн эмнэлгийн эмчээр, 1971-1976 онуудад Петровск-Забайкальский хотын 1-р эмнэлэгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэглээр ажиллаж байгаад Томскийн Анагаахын Их сургуулийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгчийн орлогчоор ажиллаж байсан. 1977 оноос уг тэнхмийн доцентоор ажиллаж эхэлсэн. Энэ бүх хугацаанд тэрээр хоол боловсруулах замын гүрвэлзэх хөдөлгөөнд цахилгаан сэдээлт хэрхэн нөлөөлдөг болохыг судалсаар ирсэн юм. Энэхүү судалгаанууд нь түүний докторын зэрэг хамгаалах ажилд орсон. 1989 онд Докторын зэрэг хамгаалсны дараахнаас түүнийг Сибирийн Их сургуулийн мэс засал, хавдар судлалын тэнхмийн эрхлэгчээр ажилуулж эхэлсэн. 1990 онд профессор болсон.

Г.Ц.Дамбаевагийн судалгааны ажлын үндсэн чиглэл нь шинээр нэвтэрч буй технологи болох биологийн тохирол бүхий эдийг практикт хэрэглэх талаар судалж байгаа болно. Мөн улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний хавдрын үеийн нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр түлхүү судалгааны ажил явуулдаг. Тэрээр цээжний болон хэвлийн хөндийн мэс заслын дараах хөндийт эрхтний үйл ажиллагааг үнэлэх шинэ аргачлал боловсруулахын зэрэгцээ, шинэ дамжуулагч, багажийг зохион бүтээсэн.

Г.Ц.Дамбаевагийн удирдлага дор бараг шинэ төрлийн гэж хэлж болохоор дараах мэс заслын аргууд боловсрогдсон. Үүнд: ходоодны кардиаль хэсгийн тайралт, нойр булчирхай 12 хуруу гэдэс тайрах шинэ арга, сөргөө үүсгэхгүй улаан хоолой, ходоод, нарийн бүдүүн гэдэсний залгалтын шинэ арга. Хавдрын үед нарийн бүдүүн гэдсийг ашиглан хэвлийн өмнө хананд, шулуун гэдэсний хавдрын үед экстирпаци хийн хярзанд жом бүхий хиймэл анус гаргах аргачлал боловсруулсан.

Г.Ц.Дамбаевагийн удирдлага доорхи баг 20 жилийн хугацаанд үүдэл эс бүхий имплант ашиглан толгой, хүзүү болон ясны хорт хавдрыг эмчлэх тал дээр судалгаа хийж байна. Г.Ц.Дамбаева нь 300-аад шинжлэх ухааны ажил, 14 монографи, 60 шинэ бүтээлийн зохиогч билээ.

2004 оноос ЭМШУИС – ийн Мэс заслын тэнхим, ММЗЭНН – тэй хамтран ажилласан. Чихрийн шижингийн эс шилжүүлэн суулгах эмчилгээний өндөр технологийг манай 4 эмчид үнэ төлбөргүй заан сургасан.

Чихрийн шижингийн тавхайг эмчлэх мэс заслын шинэ аргачлалыг Монголын мэс засалчдад заан сургасан. Гэдэс залгах, элэг тайрах, ходоодны цус алдалтын мэс засалд никель титан хавчуур хэрэглэх шинэ аргачлалыг заан сургасан. Жил бүр 7 хоногоор ирж Монголын Мэс засалчдад хичээл зааж, үзүүлэх мэс засал хийдэг.

Монголын 10 мэс засалч эмчийг ОХУ – ын Томскийн Их Сургуулийн мэс заслын тэнхимд 14 хоногоос 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсан.

1997 Орос улсын Анагаахын шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон болно. 2003 онд Буриад улсын анагаах ухааны гавъят зүтгэлтэн, 2000 онд Хөдөлмөрийн Гавъяны улаан тугийн 3-р зэргийн одонгоор шагнагджээ. Одоо тэрээр Томск хотод ажиллаж амьдардаг.

Г.Ц.Дамбаева нь Монголын мэс заслын нийгэмлэгийн хүндэт гишүүнээр 2012 онд сонгогдсон.


Цыбиков Еши Нянюевич
Орос улс болон Буриад улсын гавъяат эмч, Буриад улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, АУ-ны доктор, профессор

1940 он 4-р сарын 1-нд Буриад улсын Исинга тосгонд төрсөн. 1946 онд Зазинскийн дунд сургуульд элсэн, 1956 онд Сосновоозерскийн сургуулийг дүүргэжээ.

1956-1958 онуудад Еранвнинск дүүргийн Лениний хамтралд хар бор ажил хийж байгаад 1958 онд Читагийн Анагаахын сургуулийн анагаахын факультетэд элсэн орж 1964 онд амжилттай төгсжээ.

1964 оноос Буриад улсын Эрүүлийг мэндийн сайлын тушаалаар Хиагт хотын мэс заслын эмчээр томилогдон ажиллажээ. 1969-1971 онуудад тэрээр Буриад улсын нэгдсэн эмнэлэгт шилжин ирж ажиллах хугацаанд анх удаа Буриад улсад Фаллогийн гурвалын үед мэс засал амжилттай хийсэн. Тэрээр эмчээр ажиллах хугацаанд их сургуулид багшилж байсан бөгөөд мэс заслын эмч, сувилагч нарыг бэлтгэхэд түүний шинжлэх ухаанч зан чанар чухал байсан. Иймээс түүний хувь нэмрийг үнлэж 1970 онд эрүүл мэндийн яамны хүндэт медалиар шагнажээ.

1971-1974 онуудад Еши Нянюевич академич Е.Н. Мешалкины удирдлага дор аспирантурт суралцжээ. Тэрээр суралцаж байх хугацаандаа зүрхний төрөлхийн болон олдмол гажгийн талаар судалж байсан бөгөөд түүний диссертацийн сэдэв нь “Зүрхний төрөлхийн гажигтай хавсарсан гол судасны коарктацын эмнэл зүй, оношлогоо, мэс заслын эмчилгээ” юм.

1977 оноос Буриад улсын нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж ирсэн. 80 ортой тус тасгийн 2005 он хүртэл удирдсан. 1993 онд Ерөнхий мэс заслын тасгаас судасны мэс заслын тасгийг 40 ортойгоор салгасан бөгөөд одоогоор жилд 200-гаад зүрхний нээлттэй хагалгааг хийдэг.

Е.Н. Цыбиков нь ангиографийн төвийг байгуулсан бөгөөд энэ цаашид өргөжин зүрхний мэс заслын төв болох суурийг тавьсан.

1990 онд Е.Н. Цыбиков нь ЗХУ-ын Ардын депутатаар сонгогджээ. Эрүүлийг хамгаалах зөвлөлийн гишүүн байсан. Депутатын хувьд тэрээр ОХУ-ын эрүүл мэндийн даатгалын тухай, эрүүл мэндийн хяналтын тухай хуулиудыг боловсруулахад оролцжээ.

2002 онд Е.Н. Цыбиков нь докторын зэрэг хамгаалсан бөгөөд түүний докторын ажлын сэдэв нь “Хоол боловсруулах дээд замын өвчний эмнэл зүй, оношлогоо, эмчилгээ”.

Е.Н. Цыбиков нь 170 гаруй шинжлэх ухааны өгүүлэл, 4 монографи хэвлүүлсэн. 2008 онд Е.Н. Цыбиковыг А.Н. Плехановтой хамтаар шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн шагналаар шагнажээ.

2004 оноос ЭМШУИС – ийн Мэс заслын тэнхим, ММЗЭНН – тэй хамтран ажилласан.

Жил бүр 7 хоногоор ирж Монголын Мэс засалчдад хичээл зааж үзүүлэх мэс засал хийдэг.

Монголын 7 мэс засалч эмчийг ОХУ – д докторын зэрэг хамгаалах үйлсэд мэдлэг туршлагаа хуваалцан тусалж байгаа.

Түүний гавъяа зүтгэлийг үнэлж дараах одон, медалиудаар шагнажээ. Үүнд: 1982 онд Буриад улсын гавъяат эмч, 2004 онд Буриад улсын Ардын эмч, 1986 онд Найрамдал медалиар, 2000 онд Хүндэт медалиар, 2006 онд Хиагт хотын хүндэт иргэн

Еши Нянюевич нь Монголын мэс заслын нийгэмлэгийн хүндэт гишүүнээр 2013 онд сонгогдсон.