ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД
АЮУЛГҮЙ МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 2023-2025 БОЛОВСРУУЛАХ, ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙХ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАН ЗОХИЦУУЛАХ
Аюулгүй мэс заслыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ариутгалт халдваргүйтгэлийн сургалт болон мэс заслын гар угаах техникийн үнэлгээ, сургалтыг өргөжүүлэх, хамрагдсан ЭМТ-үүдийн үйл ажиллагааг дахин үнэлж, үйл ажиллагааны доголдолыг засах тал дээр ажлын байрны сургалтыг хийхээс гадна өмнө нь зөвхөн үнэлгээ хийсэн Увс болон Говь-Алтай аймгийг сургалтад хамруулахаар ажиллана.
ЗОРИЛГО: Аюулгүй мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор сонгосон эрүүл мэндийн байгууллагуудад аюулгүй мэс заслыг хөгжүүлэх, ариутгал халдваргүйтгэл, мэс заслын гар угаах техникийн зургаан сарын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, зохицуулалтаар хангах
ХАМРАХ ХҮРЭЭ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/103 дугаар тушаалаар батлагдсан аюулгүй мэс заслын төлөвлөөг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан дараах аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, А зэрэглэлийн сумын эрүүл мэндийн төвүүд:
- Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг
- Тариат Сумын эрүүл мэндийн төв (СЭМТ)
- Өвөрхангай аймгийн БОЭТ
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг
- Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг
- Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг
ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА: Монголын мэс засалч эмч нарын холбоо (ММЗЭНХ)
ХАМТРАН АЖИЛЛАГАА БАЙГУУЛЛАГУУД: ЭМЯ, ДЭМБ, ЭМХТ, ММЗСН (Мэргэшсэн мэс заслын сувилагчдын нийгэмлэг)
ХУГАЦАА: 2023 оны 6-12 сар
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
- ЭМС-ын тушаалаар Монгол улсын хэмжээнд мөрдөгдөх Ариутгалын үйл ажиллагааг үнэлэх хяналтын хуудас, удирдамж, сургалтын материалыг баталсанаар аюулгүй мэс заслын тусламж үйлчилгээний үндэс болох ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаа сайжирна.
- Бие даан Ариутгалын үнэлгээ хийх, заавар зөвлөгөөг өгөх, сургалт хийх чадвартай 5-6 сургагч багшийг хамрагдсан Улсын нэгдсэн эмнэлэг, АНЭ-үүдэд бэлтгэгдсэн байна. Цаашид эдгээр сургагч багш нар нь бусад эрүүл мэндийн байгууллагын ариутгалын үйл ажиллагааг бие даан үнэлэх, сургалтыг хийх болно. Тухайлбал, АНЭ-т бэлтгэгдсэн сургагч багш нь СЭМТ-ийн үйл ажиллагааг үнэлж, зөвлөмж өгөх болно.
- ЭМС-ын тушаалаар Монгол улсын хэмжээнд мөрдөгдөх Мэс заслын гар угаах техникийг үнэлэх хяналтын хуудас, удирдамж, сургалтын материалыг баталсанаар мэс заслын дараах хүндрэлийн тоо буурч, аюулгүй мэс заслын тусламж үйлчилгээ сайжирна.
- Бие даан Мэс заслын гар угаах техникийн үнэлгээ хийх, заавар зөвлөгөөг өгөх, сургалт хийх чадвартай 5-6 сургагч багшийг хамрагдсан Улсын нэгдсэн эмнэлэг, АНЭ-үүдэд бэлтгэгдсэн байна. Цаашид эдгээр сургагч багш нар нь бусад эрүүл мэндийн байгууллагын мэс заслын эмч, мэс заслын сувилагч нарын гар угаах техникийг бие даан үнэлэх, сургалтыг хийх болно. Тухайлбал, АНЭ-т бэлтгэгдсэн сургагч багш нь СЭМТ-ийн үйл ажиллагааг үнэлж, зөвлөмж өгөх болно.
ХҮРСЭН ҮР ДҮН: Ингээд 2023 оны 6-12 сард ММЗЭНХ, ДЭМБ-ын хооронд байгуулсан гэрээний хүрээнд ЭМЯ, ЭМХТ, ХӨСҮТ, ММЗСН (Мэргэшсэн мэс заслын сувилагчдын нийгэмлэг) зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг нэгтгэлээ.
- Мэс заслын 14 угаалтуур, ариутгалын хяналтын цомгийг хуваарилан, хүлээлгэн өгөв. Аюулгүй мэс заслын тусламж үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд мэс заслын тусламж, үйлчилгээний эко орчин бүрдүүлэх зорилгоор Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Тариат сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт нийт 14 мэс заслын гар угаалтуурын иж бүрдэл, 21 ариутгалын хяналтын цомгийг нийлүүлж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилан, хүлээлгэн өгөх үйл ажиллагааг 2023 оны 8 сард зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ЭМЯ, ЭМХТ, АШУҮИС, ММЗЭНХ, ХӨСҮТ, ДЭМБ-ын холбогдох удирдлагууд, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд 74.8 мянган америк доллар буюу 282.6 сая төгрөгийн үнэ өртөг бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлж, хүлээлгэн өгсөн.
- Мэс заслын өмнөх гар угаах техник, үйл явцын сургалтын видео бичлэгийг дүрсжүүлэв. Мэс заслын өмнөх гар угаах, халдваргүйжүүлэх ДЭМБ-ын аргачлалын дагуу мэс заслын өмнөх гар угаах техник, үйл явцыг гурван төрлийн хяналтын хуудсыг орчуулан, сургалт, дадлага, үнэлгээнд ашигласнаас гадна видео бичлэгээр дүрсжүүлж, мэс заслын бүх эмч, сувилагч, ажилбар хийдэг эмнэлгийн ажилтнуудад тараасан.
- Мэс заслын аюулгүй байдлыг сайжруулах аргачлал, гарын авлагыг хэвлүүлэв. Мэс заслын үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, мэс заслын өмнөх гар угаалт, халдваргүйжүүлэлт, эмнэлгийн багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариутгал гэсэн гурван томоохон бүлгийг багтаасан мэс заслын аюулгүй байдлыг сайжруулах 200 орчим хуудастай дэлгэрэнгүй аргачлал, цогц гарын авлагыг анх удаа боловсруулан, 300 хувийг хэвлүүллээ.
- Мэс заслын аюулгүй байдлыг сайжруулах, мэс ажилбарын үеийн гар угаах ажлын байрны сургалт дадлага, ариутгалын үйлчилгээний үнэлгээг зохион байгуулав. 2023 оны 11 сарын 26-оос 12 сарын 4-ний хооронд Увс, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, Хархорин сумын хөдөөгийн нэгдсэн эмнэлэг болон Тариат сумын ЭМТ-үүдэд мэс заслын аюулгүй байдал, төвлөрсөн ариутгалын үйлчилгээний ажлын байрны дадлагатай сургалт, үнэлгээ хийж, сургалтын дараа асуулт ярилцлага, санал солилцлоо. Сургалтанд нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, тасгийн эрхлэгч нар, тархвар судлаачид, чанарын
менежерүүд, сувилахуйн арга зүйчид, мэс заслын эмч нар, боолтын болон мэс заслын сувилагч нар, ариутгагч нар зэрэг нийт 300 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд хамрагдсан. Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээний экотогтолцоог бүрдүүлэх хүрээнд аюулгүй, хүртээмжтэй, чанартай мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, удирдлагын манлайллыг бэхжүүлэх, эмнэлгийн ариутгалын тасгийн үйл ажиллагааг сайжруулахын тулд эмнэлгийн удирдлага, чанар, сувилахуй, халдварын сэргийлэлт хяналтын албадуудын хамтарсан хяналтуудыг хийж, ариутгалын үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах олон оролцогч талууд бүхий хандлагыг нэвтрүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр аюулгүй мэс заслыг хөгжүүлэхэд олон мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн оролцоог бий болгоход чухал ач холбогдолтой байв. Сургалт, үнэлгээг доорх 3 чиглэлээр зохион байгууллаа:
- Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээний экотогтолцооны бүрэлдхүүн хэсгүүд, үйлчлүүлэгчийн танин тодруулга, аюулгүй тээвэрлэлт, унах эрсдэл, мэс заслын шархны халдвараас сэргийлэх,тусламж үйлчилгээнд давтан хэрэглэх багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, ариутгалын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр онолын болон ажлын байрны дадлага хослуулан сургалт зохион байгуулах
- Эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн үйл ажиллагаа, мэс заслын багажийг угаах, халдваргүйжүүлэх, ариутгах, ариун байдлыг хадгалах, ариутгалын үр дүнг тооцох, ариутгалын ажилтныг халдварт өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг ДЭМБ-ын боловсруулсан хяналтын хуудсын дагуу үнэлэх
- ДЭМБ-аас зөвлөж буй энгийн болон мэс заслын гар угаах арга техник, төрлүүдийг дадлага хичээлээр хийлгэж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх
- Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө 2023-2025 батлагдлаа. 2023 оны 6 сард Эрүүл мэндийн дэд сайдын тушаалаар Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө 2023-2025 боловсруулах, мэргэжил арга зүйгээр хангах ажлын удирдамж болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Энэхүү удирдамжийн дагуу ажлын хэсгийн уулзалтыг 2023 оны 6 сарын 30-аас эхлэн хэд хэдэн удаа зохион байгуулж, Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө 2023-2025-ний төслийг боловсрууллаа. ЭМЯ-ны дэргэдэх мэс заслын салбар зөвлөл, ЭМХТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УНТЭ, АШИҮИС-ийн Анагаах ухааны сургууль, ММЗЭНХ зэрэг байгууллагаар хэлэлцүүлж, холбогдох мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусган, 2023-2025 онд хэрэгжүүлэх аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн дэд сайд 2023 оны 12 сард баталсан. Ингэснээр мэс заслын тусламж, үйлчилгээний экотогтолцоог бүрдүүлэх, удирдлагын манлайлал, сайн засаглалыг бий болгох, хүний нөөцийг сургах, чадавхжуулах, орчин үеийн техник технологийн дэвшлийг үе шаттай нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэж, мэс заслын суурь болон лавлагаа тусламж, үйлчилгээний аюулгүй байдал, чанар, хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна.
Эцэст нь дүгнэхэд, гэрээний хугацаанд төлөвлөсөн үйл ажиллагаа 100хувь амжилттай биелсэн болно.