card

МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН VI ЧУУЛГАН

Монголын мэс засалч эмч нарын 6 дугаар чуулга уулзалтыг 2007 оны 10 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод “Сүнжин гранд” зочид буудалд УХТЭ-ийн Мэс заслын тасаг зохион байгууллаа. Чуулганд нийт 320 гаруй мэс засалч эмч нар, гадаад дотоодын төлөөлөгч оролцсон юм. Чуулганы үеэр “Мэс засал” сэтгүүлийг редакторлон гаргаж, тусгай хөтөлбөр боловсруулан, хөтөлбөрийн дагуу явуулсан.

Чуулганы нээлтийн ажиллагаанд анх удаа Эрүүл мэндийн сайд Д.Туяа оролцож үг хэлсэн. Чуулган уламжлал ёсоор эрдэм шинжилгээний хурал болж, шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээгээр үргэлжлэв. Мөн эхний 5 чуулга уулзалтын үеэр шалгарсан шилдгүүддээ хүндэтгэл үзүүлж, 18 шилдэг эмч нарт баяр хүргэж дурсгалын зүйл гардуулсан.

Эрдэм шинжилгээний хуралд нийт 13 илтгэл тавигдаж хэлэлцэгдэв. Шилдэг илтгэл шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд академич Н.Баасанжав, проф. Ж.Цэцгээ, проф. Ч.Пунцаг, проф. Н.Даваацэрэн, АУ-ы доктор М.Түмэннасан нар байлаа. Шилдэг илтгэлээр Д.Баян-Өндөр нарын “Арьсны гаднаас хатгаж бөөрний чулуу авах мэс заслын онцлог” сэдэвт илтгэл шалгарч мөнгөн шагналаар шагнагдсан болно.

Энэ чуулга уулзалтаар шилдгүүдээ “Оны шилдэг мэс засалч”, “Эрэмгий мэс засалч”, “Шилдэг бүтээл 2007” гэсэн 3 номинациар шалгаруулсан. Шалгаруулалтын комисст Б.Мөнхтогоо (ЭМШИУС), Л.Амгалан (УКТЭ), Н.Даваадорж (Ачтан эмнэлэг), Г.Баяраа (ШКТЭ), Ц.Буянбат (ТТАХНЭ), Н.Оюунсамбуу (ЗХКТГ) нар ажиллав. Энэ чуулганы:

  • "Шилдэг мэс засалч эмч"-ээр УНТЭ-ийн мэс заслын эмч Б.Төмөрбаатар,
  • "Эрэмгий мэс засалч"-аар Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Б.Лхагва нар шалгарч цом, мөнгөн шагналаар шагнагдав.
  • “Шилдэг бүтээл 2007” номинацид Б.Төмөрбаатар, Л.Жамбалжав, Б.Нямсүрэн, Д.Баян-Өндөр, М.Эрдэнэсайхан нарын “Бөөр шилжүүлэн суулгах орчин үеийн арга техник” сэдэвт бүтээл шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ.

Энэ чуулга уулзалтын үйл ажиллагаа нь хэд хэдэн онцлогтой явагдсан гэж зохион байгуулагчдын хувьд үзэж байна. Үүнд: Эхний 5 чуулга уулзалтын үеэр шалгарсан шилдгүүддээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулсан. Шилдгүүдэд нэр дэвшигчдийн материалыг нэр хаяггүйгээр комиссын гишүүдэд танилцуулж, саналыг авч шалгаруулсан. Шагналын санг нэг дахин нэмэгдүүлсэн.

Энэ чуулганы үеэр нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүд, эмч нарын дунд чөлөөт ярилцлага явуулж, ММЗЭНН-ийн хүндэт тэргүүнээр акад. Б.Гоошийг өргөмжилж, нийгэмлэгийн тэргүүнээр акад. Н.Баасанжавыг сонгожээ.

ММЗЭНН-ийн 6 дугаар чуулганы хөтөлбөр

УХТЭ, Мэс заслын тасаг                                                                           Улаанбаатар, 2007 оны 10 сарын 13