card

МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН XV ЧУУЛГАН

 

Монголын мэс засалч эмч нарын холбооны ээлжит XV чуулган “Мэс заслын дараах хүндрэл, түүнээс сэргийлэх нь” сэдвийн хүрээнд 2023 оны 10-р сарын 14-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг чуулганд Монгол улсын Эрүүл мэндийн сайдын Зөвлөх Ц.Эрдэнэбилэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Б.Бейсен, 21 аймаг, есөн дүүрэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ТТАХНЭ, ХӨСҮТ,  ГССҮТ, Цэргийн төв эмнэлэг болон мэс заслын  тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 330 гаруй мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрдэмтэн, профессор, судлаачид оролцож мэс заслын салбарт байнга тулгардаг асуудал болох хүндрэл, түүнийг эрт илрүүлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хамтдаа дүгнэн хэлэлцэхийн ялдамд салбарын цаашдын хөгжлийн асуудлаар хамтдаа хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

XV чуулганы нээлтэд Монгол улсын Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хэлсэн илгээлтийн үгэнд “Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр анхааран ажиллаж байгаа өнөө үед Монголын мэс засалч эмч нар Та бүхэн Мэс заслын тусламж үйлчилгээтэй холбоотой хүндрэлийг илрүүлэх, хүндрэлийн хувийг хэлэлцэх, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлохоор ээлжит Мэс засалч эмч нарын XV чуулганаар чуулж байгаад Эрүүл мэндийн сайд миний бие чухалчлан үзэж, зориуд анхаарал хандуулахыг хүслээ. Хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг Монголын мэс засалч эмч нарын холбоонд ард иргэд, эдгэрч илаарьшин эрүүл энхийн жаргаланд хүрсэн хүн бүрийн өмнөөс талархал илэрхийлье” гэж онцолжээ.

Уг чуулганаар тэргүүн өгүүлэл 3, эрдэм шинжилгээний  42 өгүүлэл, ховор тохиолдолын 19 танилцуулга, мэс заслын 5 шинэ арга технологи зэрэг эрдэм шинжилгээний бүтээл ирснээс шалгаруулалт, шүүлт хийн тэргүүн өгүүлэл 3, зочин илтгэл 2, эрдэм шинжилгээний  15 өгүүлэл, ховор тохиолдолын 10 танилцуулга, мэс заслын 4 шинэ арга технологи, эрдэм шинижлгээ болон тохиолдолын 15 ханан илтгэл, нийт 49 эрдэм шинжилгээний бүтээлүүдийг тус тус хэлэлцэж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан.

Шилдэг аман илтгэлээр:

  • Тэргүүн байр: УХТЭ, Мэс заслын тасгийн Л.Хануй, Б.Амартүвшин, Б.Онон, Н.Алтанчимэг, Ц.Нармандах нарын “ХОДООД УЛААН ХООЛОЙН СӨӨРГӨӨ ӨВЧНИЙ ҮЕД ХИЙГДСЭН ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ - НЭГ ТӨВИЙН ТУРШЛАГА” сэдэвт илтгэл. Илтгэгч Н.Алтанчимэг.
  • Дэд байр: УГТЭ, Мэдрэлийн мэс заслын тасгийн С.Абай, Д.Баярмаа, Б.Сормоо, Б.Батхүү, Л.Аваажигмэд, Д.Энхболд, Ш.Орхонтуул, Х.Хусаян, Б.Батчулуун, А.Шийрэвнямба нарын “ЭПИЛЕПСИЙН МЭС ЗАСЛЫН ҮР ДҮН БА ХҮНДРЭЛ” сэдэвт илтгэл. Илтгэгч С.Абай.

Шилдэг тохиолдолын илтгэлээр:

  • Тэргүүн байр: ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын Г.Эрдэнэбилгүүн, М.Зоригтбаатар, А.Амгалан, В.Ганхуяг нарын “ЭХЭМҮТ-Д ЦЭЭЖНИЙ ДУРАНГААР ЗҮҮН ТАЛЫН ЦЭЭЖНИЙ ЗАЙД НЭМЭЛТ ЭЛЭГНИЙ СЕГМЕНТИЙГ ТАЙРАХ МЭС ЗАСАЛ ХИЙСЭН ТУХАЙ” сэдэвт илтгэл. Илтгэгч Г.Эрдэнэбилгүүн.
  • Дэд байр: ХСҮТ-ийн Э.Өнөболд, Д.Мэргэн, П.Зундуйдорж, Б.Азжаргал, Б.Ганзориг, С.Денис нарын “УЛААН ХООЛОЙН ХОРТ ХАВДРЫН МЭС ЗАСЛЫН ҮЕД ЦАГААН МӨГӨӨРСӨН ХООЛОЙ ГЭМТСЭН ТОХИОЛДОЛД ГУЯНЫ ЧӨЛӨӨТ ДАЛБАНГААР НӨХӨН СЭРГЭЭСЭН НЬ” сэдэвт илтгэл. Илтгэгч Э.Өнөболд.

Шилдэг ханан илгэлээр:

  • ЭХЭМҮТ, Хүүхдийн мэс заслын тасгийн Л.Ганбаяр, А.Цэнджав, Б.Одгэрэл, Б.Мандуул, О.Сэргэлэн, Б.Бат-Ирээдүй, Б.Батсайхан, Б.Ганзориг нарын “МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХҮҮХДЭД АМЬД ДОНОРООС ЭЛЭГНИЙ СЕГМЕНТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭ” сэдэвт илтгэл. Илтгэгч Л.Ганбаяр.

Монголын мэс засалч эмч нарын XV чуулганы үеэр Монголын мэс заслын салбарын шилдэг эмч наруудыг шалгаруулав. 2023 оны “Шилдэг мэс засалч” эмчээр:

  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ХҮСҮСТөвийн мэс заслын их эмч М.Отгонбаяр
  • Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн мэс заслын их эмч Ж.Ганхуяг нар шалгарав.

2023 оны “Шилдэг Залуу мэс засалч” эмчээр:

  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын их эмч Б.Ган-Эрдэнэ
  • Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн мэс заслын их эмч Б.Өнөболд нар шалгарав.

Мэс заслын эмч нарын эрдэм мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор Монголын мэс засалч эмч нарын холбоо нь гадаад харилцаагаа өргөжүүлж 2023 оноос БНСУ-ын Medical Korea Academy-тай хамтран ажиллаж эхэлж байна. Medical Korea Academy нь БНСУ-ын Эрүүл мэндийн хөгжлийн институтээс боловсруулсан Олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цахим сургалтын хөтөлбөр бөгөөд эмнэлгийн мэргэжилтнүүдийн анагаах ухааны мэдлэг, ур чадварыг сайжруулах, гадаадын эмч мэргэжилтнүүдэд ижил хүртээмжтэй мэдлэг олгох зорилготой сургалтын платформ юм. Манай эмч нар энэхүү хөтөлбөрт зайнаас хамрагдсанаар БНСУ-ын эрүүл мэндийн тогтолцоо, сургалтын арга барилын талаар ойлголттой болохын сацуу тухайн оронд зорчихгүйгээр БНСУ-ын тэргүүлэх эмч мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах боломжийг бүрдүүлж байгаа. Энэ удаагийн Мэс засалч эмч нарын холбооны XV чуулганы нэг хэсгийг Medical Korea Academy хэсэг болгосон бөгөөд БНСУ-оос зочин илтгэлүүдийг цахимаар хүргэлээ.

Жич: Монголын мэс засалч эмч нарын холбооны ээлжит XV чуулганд хэлцэгдсэн илтгэлүүд "Мэс засал" сэтгүүлийн №31 дугаарт хэвлэн нийтлэгдсэн байгаа болно.

Хөтөлбөрийг харах

Зургийн цомог - 2023/10/14

Платинум ивээн тэтгэгчид

Алтан ивээн тэтгэгчид

Мөнгөн ивээн тэтгэгчид

Чуулган зохион байгуулагдсан газрын хаяг

Чингис Хаан Зочид буудал, Токиогийн гудамж 10, Улаанбаатар 13381