Алдах эрхгүй миллиметр буюу мэс заслын өрөөний атаман
2021 оны Шилдэг мэс заслын эмч А.Цэнджавын сурвалжлагаХорт хавдартай 13 настай охин
Өндгөвчний хорт хавдар гэх аюулт өвчин туссан гэх оноштой охин мэс засалд орохоор ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн үүдэнд ээлжээ хүлээж сууна. “Ээж ээ, охин нь мэс засал хийлгээд амьд гарч ирж чадахгүй бол яах юм бэ. Миний зүрх өвдөөд, айгаад байна” гээд уйлаад л байх. Дөнгөж 40 нас хүрч байгаа болов уу гэмээр хосууд охиныхоо гараас атгачихаад “Миний охин битгий ай. Эдгэрээд л гараад ирнэ. Их мундаг эмч нар миний охинд хагалгаа хийх юм байна лээ” гэж тайтгаруулах. Амьдралыг гэгээнээр харж, сайн сайхан болгон руу тэмүүлж яваа, дөнгөж 13-хан настай охин хорт хавдартай гэдгээ мэдээд сэтгэл санааны хямралд орсон нь царай төрхөөс нь тодорхой харагдаж байлаа. Сүүлийн хэдэн сар бие нь өдөр ирэх тусам сульдаад, байнга унтаад байдаг болжээ. Мөн хэвлийгээр нь үе үе хатгуулж өвдөөд байгааг тоолгүй яваад л байж. Гэтэл саяхны нэг өдөр гэдэс нь мушгирч, хүчтэй өвдсөнөөр Хэнтий аймгийн эмнэлэгт яаралтайгаар хүргэгдсэн байна. Эмч “Олгой нь үрэвссэн” гэх оноштойгоор охиныг мэс засалд оруулжээ. Аймгийн мэс заслын эмч мухар олгойг нь авч байхдаа өндгөвчнийх нь хажууд том хэмжээтэй хавдар байгааг илрүүлсэн байна. Ингээд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс засалд яаралтай бичиг хийлгээд явуулсан гэнэ. Улмаар нарийн шинжилгээ хийлгэж, эход харуулаад хорт хавдар гэдгийг эцэслэн оношилсон юм байна. Охин аав, ээжээсээ “Гадаа гоё дулаахан байх шиг байна. Гурвуулаа хамтдаа гадаа гарчихаад, наранд хоёрхон минут зогсчихоод мэс заслын өрөөнд очьё” гэж гуйх.
Охин мэс заслаа даахгүй байж магадгүй гэж бодоод аав, ээждээ эрхэлж, хэдхэн хором минутыг ч болов хамтдаа өнгөрүүлэх гэж зүтгэж буй нь энэ бололтой. Тэдний хажууд таван сартай охиноо тэвэрсэн ээж “Яахаараа ийм нялх хүүхэд элэгний хорт хавдар тусчихдаг байна аа” гээд л толгой өөд татахгүй уйлах. Эдгээр хүмүүс дундуур зүсэж явсаар Ерөнхий мэс заслын тасаг руу яваад орлоо. Цэндээ эмч ажилдаа хэдийнэ ирчихсэн, халатаа өмсөөд тасагтаа хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийнхээ биеийг асуугаад тойрч явлаа. Замд тааралдах ажилтнуудтайгаа “Миний хүү, сайхан хоносон уу. Гэртээ очоод сайхан амарч чадсан уу” гээд л мэнд мэдэлцээд яваад байх. Бас болоогүй эмч, сувилагч нараа явуулж, шоолж инээгээд хөгжилдөхөө ч мартахгүй. ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын эмч, клиникийн профессор А.Цэнджавын өглөөнөөс орой хүртэлх борви амсхийх завгүй ажлын нэг өдөр ийм л дүр төрхтэй эхэлдэг юм байна. Цэндээ эмч өнөөдөр дөрвөн том хагалгаатай. Элэгний хавдартай таван сартай охин, цөсний хүүдий нь тэр чигтээ чулуужиж, элэг, нойр булчирхай нь үрэвссэн 14 настай охин, өндгөвчний хорт хавдартай 13 настай охин, бөгснийх нь хуниас идээлж, шулуун гэдэс нь үрэвсчихсэн хүүд мэс засал хийх ёстой.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Цэндээ эмч рүү залгалаа. Түүнд “Таны нэг өдрийн ажил хэрхэн өрнөж байгааг сурвалжилмаар байна. Би хэзээ, хэдэн цагт танай эмнэлэг дээр очих вэ” гэсэнд мань эр “Надад яриад байх юм юу байх вэ. Хэдэн хүүхэдтэйгээ шөнө өдөргүй ноцолдож сууна. Баасан гарагт гурав, дөрвөн хагалгаатай байгаа. Чи 07:30 цагт ажил дээр ирвэл ир” гэж хэлчихээд утсаа салгачихлаа. Цэндээ эмч завгүй үедээ утсаа хурдан салгадаг гэдгийг мэдэх учир дахиж залгаж төвөг учруулсангүй. Товлосон ёсоор баасан гарагийн өглөө ажил дээр нь явж очоод сурвалжилгаа эхлүүлж байгаа минь энэ. Сүүлийн үед хүүхдүүд хорт хавдараар өвчлөх нь эрс нэмэгдсэн. Бас ургийн гажиг, бусад төрлийн мэс заслын өвчтэй хүүхэд мянга мянгаараа өвчнөөсөө салах гэж эмчийн гарыг харан өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж байгааг ЭХЭМҮТ-өөс харж болно.
08:45 цаг
Тэрбээр “Та нар мэс засал хийж байгааг харж чадах юм уу. Бидний өдөр тутамд хийдэг ажил. Харин өөр мэргэжлийн хүмүүст эвгүй сэтгэгдэл төрж, айж эмээж мэдэх юм. Эр улсууд юм чинь асуудалгүй биз дээ. Амьдралынхаа 25 жилийг энэ л тасагт, хүмүүсийн үр хүүхдийг эрүүл саруул болгох гэж, мэс заслын өрөөнд өглөөнөөс орой болтол, заримдаа үдшийн бүрийгээс үүрийн гэгээ цайтал үзэж тарж байна даа” хэмээн яриагаа эхэлсэн юм. Эмчийн гар утас дуугарч, тэр “За одоо дээшээ гарлаа” гэж богинохон хариулав. Цэндээ эмч “Хагалгаа хийх цаг болчихлоо. Эхлээд энд байгаа эмнэлгийн хувцсыг өмсчих. Дээр гараад мэс заслын өрөөнд өмсдөг өөр хувцас өмсөнө” гэв. Түүнийг даган алхсаар дөрвөн давхарт гарлаа.
Биднийг ийн ярилцан алхаж явтал шилэн хүзүү рүү ямар нэгэн юм цацах шиг болоод л явчихлаа. Эргээд хартал 60 гаруй насны эмэгтэй гартаа цаасанд боосон элс барьчихсан, түүний араас өөр нэг эмэгтэй нэг гартаа буудай, нөгөө гартаа арц уугиулчихсан зогсож байх нь тэр. Биднийг хараад зогтусаад итгэл муутайхан инээд алдах шиг болов. Цэндээ эмч инээд алдчихсан “Цагтаа элс, шороогоор булуулж л явлаа. Сүүлийн үед элсний хэмжээ нь багачихаад байгаа юм. Түүнээс атга атгаар л араас цацаад байдаг юм. Лам, бөө нар эмч рүүгээ энийг цац гээд баахан юм өгдөг шиг байгаа юм. Нөгөөдүүл нь ингээд цацаад байдаг юм. 20 гаруй жил хагалгааны өрөөнд орох болгондоо шороо цацуулж байна шүү дээ” гээд инээв. Бидний араас шороо цацсан эмэгтэй амандаа маани мэгзэм тасралтгүй уншаад, бүр сүү, архи хүртэл өргөж зогсоо харагдсан.
Мэс заслын өрөөний үүдний хэсэгт байх жижигхэн өрөөнд орж, ариутгасан хувцас сольж өмслөө. Ингээд тусгай кодоор онгойдог өрөөнд орж, мөн гараа ариутгалаа. 1990 оны үед мэс заслын эмч нарт гар ариутгах бодис битгий хэл саван ч олддоггүй байсан гэдэг. Одоо харин юм өөр болж, тусгай өрөөнд ариутгал хийж байгаа нь сайхан юм. Ингээд мэс засал хийх өрөөнд оров. Өвчтөн мэс заслын орон дээр хэвтэж байх. Унтуулгын эмч, сувилагч нар, мэс заслын туслах сувилагч, хоёр залуухан эмч багаж хэрэгслээ бэлдчихсэн зогсож байв. Цэндээ эмч мэс заслын тусгайлан бэлдсэн хувцас, ариутгасан бээлийг өмсөөд ажилдаа шуурхайн орлоо. Эхний ажилбар бол элэгний хавдартай таван сартай охинд хийх хагалгаа. Хорвоод мэндлээд дөнгөж 150 гаруйхан хонож буй нялх охины элэгний зүүн дэлбэн хэсэгт хавдар бий болж, элэгний ойр орчим нь тэр чигтээ уйланхайтаж, усаар дүүрчээ. Энэ удаад охинд нээлттэй хагалгаа хийхгүй гэнэ. Явуулын эхоны эмч ирж дахин нарийн үзлэг хийж, яг аль аль хэсэгт хатгалт хийж, усыг нь соруулж авах, эдийн шинжилгээг хавдартай хэсгээс хэсэгчлэн тасдах зэргийг дахин баталгаажуулав. Таван сартай охины овог нэр, өвчнийг хэлээд мэс ажилбар эхэллээ. Бяцхан охины элэгнээс 300 гаруй грамм шар ус гарлаа. Жишвэл, бяцхан охины толгойтой тэнцүү шахам хэмжээний их ус юм. Мөн хавдар бүрэлдсэн хэсгээс эдийн шинжилгээ авч, тусгайлан бэлдсэн саванд хийв.
Цэндээ эмч “Хайран хүүхэд. Хорт хавдар мөн байна л даа. Гэхдээ нарийн шинжилгээнд оруулж, оношийг нь маш тодорхой болгох ёстой” гэв. Түүнээс бага насны хүүхдүүд яагаад хорт хавдар тусаад байгааг асуулаа. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд сард арав гаруй хүүхэд, цус, бөөр, элэг, тархины хорт хавдартай нь оношлогдож, хагалгаанд орж байна. Хорт хавдартай хүүхэд манай эмнэлэгт хагалгаанд ордог юм. Хүмүүсийн амьдралын хэв маяг, идэж ууж байгаа зүйлс, хэрэглээ, агаарын бохирдол зэргээс болоод хүүхдүүд хорт хавдар гэх айхтар өвчин тусаад байна. Энэ жил корона вирусээс болоод Японы эмч нар ирж чадсангүй. Японы эмч нартай хамтарч, манай элэг шилжүүлэн суулгах багийнхан 100 гаруй хүүхэд хагалгаа хийх ёстой байгаа. Тэр ажил хойшлогдоод тун тоогүй байна” гэв. Эхний мэс ажилбар амжилттай боллоо. Харин дараагийнх нь өглөөний үүдэнд таардаг, аав ээждээ эрхлэн туниж байсан хорт хавдартай охин.
11:50 цаг
Цаг, минут мэс заслын өрөөнд харвасан сум шиг л өнгөрөх юм. Хэн ч юу дуугарахгүй тус тусынхаа ажлыг шалмаг гэгч нь хийх. Мэс заслыг гардаж буй эмч л ярих. “За бүх зүйл бэлэн биз дээ. Зүрхний цохилт, бусад зүйлсийг сайн хянана шүү” гэж хэлэх зуураа гарынхаа бугуйг хэдэн удаа хөдөлгөж, сарвуугаа нь атгаж тавиад, дараагийн мэс заслын ажил эхэллээ. Ямар ч мэс засал хийсэн өвчтөний төрсөн он, нас, овог нэрийг хэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн андуурал гарахаас сэргийлж, ийнхүү хэлж, тулгах ёстой байдаг ажээ. Мэс заслын багийнхан өвчтөнийг тойроод зогсчихсон байх. Охины хэвлийн хэсгээс хөндлөн зүсэлт хийв. Цус алдахаас сэргийлж байгаа бололтой. Зориулалтын тусгай багажаар түлж, тэр хавиар нэг хиншүү хярвас үнэртэнэ. Эмч гараа хөдөлгөх төдийд шаардлагатай багаж, хэрэгслийг сувилагч гарт нь атгуулах юм. Юуны багаж, хэдийг, хэзээ өгөх вэ, ямар багаж нэхэж байна вэ гэдгийг сувилагч эмчийнхээ үйл хөдөлгөөнөөс л мэддэг. Өөрөөр хэлбэл, багаараа сайн ажиллаж байж өвчтнийг аюулаас салгаж, мэс засал амжилттай болно.
Хүний арьс, мах их зузаан юм байна. Давхарга бүрээр нь зүссээр хэвлийг тэр чигт нь нээлээ. Гар ороход төвөггүй болгож байгаа бололтой хоёр талаас нь багажаар тэвхдэж байгаад хавдрыг зайчлав бололтой. Нам гүм дундаас “Яасан том хавдар вэ. Эртхэн үзүүлж байхгүй, томруулчихсан байна” гэх нь тод сонсогдоно. Мэс заслын хурц хутгаар хорт хавдарыг бага багаар зүсэж, угаар нь салгаж авах ажиллагаа үргэлжилж байлаа. Юунд ч яарч болохгүй, тэсвэр, тэвчээр, ур шаарддаг мэргэжил ажээ, мэс заслын эмч. Хэсэг газарт зүслэг хийчихээд тэр хэсгээ түлээд байх. Удирдагч эмч хамгийн хүнд, хэцүү бүхнийг гардан хийдэг юм байна. Хүн урмаар явдаг гэдэг нь үнэн бололтой. Туслах эмч нар “Сайн байна. Өө мундаг шдээ” гэх зэргээр нэгнийгээ урамшуулах нь үе үе сонсогдоно. Хэвлийд бага зэргийн цус алдаж байгааг бинтээр арчиж, түүнийгээ зориулалтын саванд хаяж байлаа.
Ийнхүү цаг орчмын дараа охины хавдарыг гаргаад ирлээ. Зангидсан гар шиг том хэмжээтэй, хар хүрэн өнгөтэй хавдар. Хорт хавдарыг тусгайлан бэлдсэн гялгар уутаар ороож, жигнэж үзлээ. 364 грамм хорт хавдарыг охин хэвлийдээ “тээж” явжээ. Мэс засал үргэжилсээр. Хэрэглэсэн бинтээ тооллоо. “15 ширхэг бинт байна” гэж туслах сувилагч хэлэх. Ахлах сувилагч “Тоо таарч байна” хэмээн хариу хэллээ. Ингэж нягт нямбай тулгаж байхгүй бол алдаа гаргаж, бинт төдийгүй мэс заслын хутга, хайчаа ч өвчтнийхөө хэвлийд үлдээх эрсдэл бий. Түүнээс урьдчилан сэргийлж ийнхүү багаж хэрэгслээ нарийн тоолдог ажээ.
Нээсэн, зүсэлт хийсэн болгоноо эргүүлэн оёж байлаа. Туслах эмчийн гар үл ялиг чичирч байгааг хашир эмч андсангүй. “Яах гээд байгаа юм бэ. Сэтгүүлч ирсэн гээд түрүүнээс хойш чимээгүй байхад” гэх нь сонсогдлоо. Мэс засал болгонд залуухан эмч нараа дагуулан орж, туршлага суулгаж, ирээдүйд энэ хариуцлагатай ажлыг нуруундаа үүрэх алтан гартныг дадлагажуулж, туршлагажуулдаг ажээ. Энэ тасагт бойжсон эмч болгон шилдэг мэс засалч болдог гэнэ. Хаана ч очсон, хэнд ч гологдохгүй ур чадвартай мэс заслын эмч энэ л тасгийн ахмад эмч нарын дунд өсөн торниж, өдөлж нисдэг юм байна. Мэс засал дуусч, Цэндээ эмч өвчтний түүхийг тэмдэглэж дууслаа. Түүнийг “Ар Монголын алдарт мэс засалчин Цэндээ”, эсвэл Мэс заслын өрөөний атаман гэж эмч, сувилагч нар авгайлан дууддаг юм байна. Үнэхээр ч мэргэжлийн ур чадвар, туршлагаараа бусдаас хавь илүү учир атаман байхаас ч арга байхгүй. “Мэс засал бол ур чадвар, мэдрэмж, тэсвэр тэвчээртэй хүний хийдэг ажил юм байна даа” гэх бодол тээн зогсох надад хандан тэрбээр “Одоо хэсэгхэн завсарлаад дараагийн хагалгаандаа орно шүү” хэмээн сануулав.
Мэс засалд орох гэж байгаа хүүхдүүдийн аав, ээж, ар гэрийнхэн үнэхээр өрөвдөлтэй харагдах. Мэс заслын өрөөний үүдэнд ах дүүс нь бөөгнөрөөд зогсчихсон байх. Аав нь хана налчихсан, хэнтэй ч юу ч ярихгүй, нүдээ аниад л зогсоод байх. Ээж нь хүлээлгийн сандал дээр толгой өөд татахгүй уйлаад л байх юм. Харин эмээ, эгч нар нь мэддэг, чаддаг маани мэгзэмээ уншиж, “За багшаа, манай хүүхэд хагалгаанд орсон шүү. Та арыг нь сайн даагаарай” гээд л хэн нэгэн рүү хэд хэдээрээ ээлжлэн залгах юм. Хүн аргаа барахаараа лам, бөөд очдог, хувь тавилангаа даатгадаг гэдэг нь үнэн бололтой. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн өрөөний үүдээр эмч гарч ирээд “Хагалгаа амжилттай болсон” гэж хэлэх шиг сайхан үг энэ хорвоод үгүй ажээ. Цэндээ эмч түүний багийнхны ийн хэлэхийг хэдэн мянган ээж, аав сонсоод баярлан уйлж, эмчийн ур чадвар, мэргэжлийн сайхныг бахдан биширч байсан бол. Бас хэчнээнхэн хүүхэд энэ өрөөнөөс буцаж “гарч ирээгүй” бол хэмээн бодогдох ажээ. Бид энэ удаад цөсний хүүдий нь тэр чигтээ чулуужиж, элэг, нойр булчирхай нь үрэвссэн 14 настай охиныг өвчнөөс нь салгахаар мэс заслын өрөө рүү орлоо.
Эх сурвалж: 2020.10.22 | Ergelt.mn
Шилдэг мэс заслын эмч А.Цэнджав: Амийг нь аварсан хүүхэд сайн сайхан амьдарч явааг харах л хамгийн сайхан
Олон цаг үргэжилсэн хүнд хагалгааны дараа цэлмэг тэнгэрийн одод ширтээд, урт амьсгаа авдаг. Тэр үед ядарснаа мартаад эргээд сэргэдэг.Цэндээ эмч үхэл хагацал, өвчин зовлонгоос хүүхдүүдийг аварч үлдэхийн төлөө цаг хугацаатай уралдаж, хурц мэс заслын хутгаа амраалгүй зүтгэж яваа эгэл жирийн мэс заслын эмч. Хором, секунтээр хэмжигдсэн амьд байх хувь тавилангийн төлөөх уралдаанд тэр хожиж, бас хожигдсон. Хожлоо гэж цээжээ дэлдэж бусад шиг өөрийгөө магтаж, гүйгээгүй. Бас хожигдлоо гээд ажлаа хаяж алга болоогүй. Өглөөнөөс үдшийн бүрий болтол тэр мэс заслын умгар өрөөндөө ажиллаж байна. Түүнд хүн бүрт заяагаад байдаггүй хүүхдэд мэс засал хийх ховорхон бөгөөд хэцүү авьяас заяасан. Тиймдээ ч хэдэн мянган хүүхдийн амь насыг аварч, ар гэрийг нь үхэл хагацалд учруулаагүй алтан гартан.
Уншигч та дөнгөж төрсөн хүүхдэд мэс засал хийнэ гээд төсөөлөөд бод доо. Нярай хүүхдэд хутганы үзүүр хүргэх нь битгий хэл олигтой ч тэвэрч, гар хүрч болохооргүй тийм л эмзэгхэн, турьхан байдаг. Тэгвэл манай улсад өдөрт эхээс төрөхдөө ургийн ямар нэгэн гажиг, өвчин эмгэгтэй, мэс ажилбар хийхээс өөр арга байхгүй хэдэн зуун хүүхэд төрж байна. Мэс заслын хутганаасаа илүүгүй шахам улаан нялзрай хүүхдийн хэвлий эсвэл зүрх, тархинд бүр хортой хоргүй хавдар, бөгс нь битүү төрснөөс эхлээд ургийн гажигтай нярайд тэр болон түүний баг мэс засал хийж, алтан амийг нь авардаг. Хэрэв эмч хурууны өндгөөрөө мэдэрч чадалгүй, гартаа барьсан мэс заслын хурц хутганыхаа торгон ирийг миллметр төдийд зөрүүлэн хэмжээ алдаж, илүү ганц л хөдөлгөөн хийвэл хүүхэд амь насаа алдана. Шуудхан хэлэхэд, мэс заслын орон дээр ухаангүй, аврал эрэн хэвтэх нярайн судас, бусад эд эрхтэн тас хэрчигдэж, амь насаа алдана гэсэн үг юм. Ийм л хүнд хэцүү, тархины, гарын шандас сорьсон мэргэжлийг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын эмч, клиникийн профессор А.Цэнджав эзэмшиж, хүүхдийн мэс заслын эмчээр тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын шилдэг мэс заслын эмчээр шалгарсан билээ.
Мэс заслын өрөөнөөс хийсэн сурвалжлага
Бид энэ удаад цөсний хүүдий нь тэр чигтээ чулуужиж, элэг, нойр булчирхай нь үрэвссэн 14 настай охиныг өвчнөөс нь салгахаар мэс заслын өрөө рүү орлоо. Сүүлийн жилүүдэд цөсний хагалгааг дурангаар хийдэг болсон. Цэндээ эмч мэс заслыг мөн л гардан хийхээр болов. М.Зоригтбаатар гээд чадварлаг залуухан эмч энэ төрлийн мэс засалдаа гаршиж байгаа нэгэн гэнэ. Ингээд мэс засал эхэллээ. Хэвлийн гурван хэсэгт цооллоо. Хурц үзүүртэй дундаа нүхтэй багажаар арьс, махнаас нь эхлээд цоо хатгаж, хоёр камер хэвлий рүү нь шургуулаад оруулчих юм. Харин үлдсэн нэг цоргоор нь нарийхан хайч шиг багаж оруулжээ. Хэвлийн дотор хэсгийг тэр чигт нь гэрэлтүүлж, хаана, ямар эрхтэн байгааг тод томруунаар харуулах. Гурван дуран аажуухан “гэтэж” явсаар цөсний тэнд очлоо. Цэндээ эмч дэлгэц ширтээд л Зоригоо эмч мэс ажилбар хийх газрыг сайн гэгч нь гэрэлтүүлж, камерын үзүүрийг чиглүүлэх. Багажаар хайчилж, цөсийг нь хэдэн талаас нь цоолох. Өмнөхүүдийн адил цус алдахаас сэргийлж, зүсэлт хийсэн газраа тусгай багажаар түлэх ажээ. Охины цөс тэр чигтээ чулуужчихсан байх. Боломжийн амьдралтай айлын хүүхдүүд ийм өвчин тусах нь ихэссэн гэнэ. Шарсан, хуурсан мах, хэт их халуун ногоотой хоол, бэлэн гоймон, пицца, шарсан тахиа байнга идэх нь цөс, нойр булчирхай, ходоодны шарх, өвчлөл үүсгэдэг гол “алуур” нь гэсэн. Мөн дээрээс нь “Манайхан том, багагүй хийжүүлсэн ундааг архинд донтсон хүн шиг хэт ихээр хэрэглэх юм. Ямар олон өвчний үүсвэр болж байгааг мэддэг ч болоосой. Үр хүүхдэдээ хайртай бол хийжүүлсэн ундаа битгий өгөөч гээд байхад л бараг угжчихаад, “Эмч ээ, ингээд өвдчихлөө” гээд тэврээд ирэх юм” хэмээн учирлаж байлаа.
Хоёр цаг гаруй хугацаанд нэг үйлдлээ давтаж, цөсний чулууг өвсөн дотроос зүү хайж байгаа юм шиг л ширхэг ширхгээр нь түүлээ. Битүүрсэн цөсний суваг онгойж, элэг, нойр булчирхай нь хэвийн ажиллах эхлэл энд тавигдлаа. Мэс заслын өрөөнд эмч, сувилагч нар хүүхдийг нь эрүүл саруул болгохын төлөө “махаа зулгааж”, хөлсөө дуслуулан зүтгэж байхад гадаа зогсох аав, ээж, хамаатнууд нь лам, бөөд “Та л хүүхдийн минь амь насыг аварч, өршөө” хэмээн гуйж суух нь хоржоонтой гэмээр. Яг үнэндээ мэс заслын эмчийн ур чадвар тэр хүүхдийн халуун амийг аварна гэдгийг ойлгох ухаан манайханд төлөвшөөгүй мэт.
09:00 цагт эхэлсэн нийт хагалгаа 16:25 цагт дуусч байгаа юм. Ажлынхаа дундуур ирэх долоо хоногийн даваа гарагт мэс засалд орох хүүхдийн ар гэрийнхэнтэй уулзах, өвчтнүүдийн талаар эмч нарын хурал хийх, шинээр ирсэн хүүхдийг давтан үзлэг хийж нарийн оношлох, өглөө мэс засалд орсон хүүхдүүдээ дахин хянаж, үзэх гээд л түмэн завгүй нэг өдөр өнгөрөх ажээ. Хажуугаар нь хүүхдээ тэвэрсэн, эцэг, эхчүүд эмчийг байнга хүрээлж, элдвийг шалгаана. Монголд хорт хавдар туссан томчууд Ж.Чинбүрэн эмч дээр очдог. Харин хүүхдүүд А.Цэнджав эмч дээр л ирдэг юм байна. Олон цаг үргэлжилсэн хагалгааны дараа хэт их төвлөрч ажилласнаас болоод хэн ч байсан ядрахаар. Мэс засал хийсэн эмч битгий хэл дагаж ороод харж, зогссон сэтгүүлч миний хөл өвдөж, олон тонн ачаа зөөчихсөн юм шиг л ядарчээ.
“Эмч гэхээрээ ярвайсан амьтан байж болохгүй”
Цэндээ эмчийг тус эмнэлгийнхэн ааштай бас зөөлхөн араншинтай хүн гэдгийг тодотгон ярьж байлаа. Тэр ажилдаа сэтгэлгүй хандаж байгаа хүмүүсийг уурлаж, загнах нь энүүхэнд. “Чи муу ер нь яах гээд байгаа юм бээ. Муу новшоо. Ажлаа хүн шиг хий” гээд л алах хядах дээрээ тулж, арай л барьж аваад цохиод авдаггүй гэнэ. Тэгснээ төд удалгүй дүрэлзсэн уур нь хэдийнэ гарчихсан дуу нь зөөлрөөд “Миний хүү энийг ингээд л ийм амархан шийдэж болдог байхгүй юу” гээд л аргадангуй ярих, эсвэл бусдыг шоолж, алиа хошин зан гаргаж, тэр хавиар инээдэм наргиан болгочихсон инээд цацруулан тууж явдаг гэж байгаа. Тэр “Ажилдаа дарагдчихаад толгой унжуулан алхаж явах дургүй. Уяа нь эвлээд торгон ир дээрээ байгаа дүүхэлзсэн хурдны морь шиг, эсвэл улсын наадмын торгон ногоон дэвжээн дээр түрүүлээд туг тойроод гүйж яваа бөх, багаа хожигдлоос аварч, сүүлийн бүх боломжийг ашиглан гоол хийчихсэн хөл бөмбөгийн шилдэг тамирчин шиг л сүлд хийморьтой байх ёстой” хэмээн ярьсан юм. Наран ургахтай зэрэгцэж эхэлсэн сурвалжилга одод түгсэн байхад цааш ийн үргэлжиллээ. Одоо түүнтэй хөөрөлдөж, шалгааж, түүний дотоод сэтгэлийг уудлах ёстой.
- Таны өрөөгөөр эмч нар байнга орж гарах юм. Бүр өглөө эмч нар таны өрөөнд цугларчихаад ажлаа яриад байх юм. Бас өвчтнүүдийн аав, ээж хүртэл тасрахгүй. Бусад эмч ч ийм завгүй, ачаалалтай байдаг уу?
- Эмч гэхээрээ ярвайсан амьтан яваад байж болохгүй шүү дээ. Би эгэл жирийн л амьдралтай айлын хүүхэд. Одоо ч ард түмнийхээ итгэл сэтгэлээр өдий зэрэгтэй явна. Өвдөж, зовсон хүмүүст муухай зан гаргаж болно гэж үү. Би бусдаас өөр. Бас өөрийнхөө мэс засал хийсэн хүүхдийг эдгэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Эмч нар амь нас нь минут секунтээр хэмжигдэж байгаа хүүхдэд хагалгаа хийдэг. Өнөө хүүхэд маань хэдхэн хоногийн дараа өргөс авчихсан юм шиг эдгэрчихсэн байхыг харах ямар гоё гэж санана. Нэг дор ажиллаж байгаа бол эмч нар атгасан гар шиг хамт байх ёстой. Бид гар нийлсэн, нэг багийн гишүүд. Тиймээс алдаа оноо, амжилт бүх зүйлсээ миний өрөөнд ярьж, өглөөний ажлаа эрч хүчтэй эхлүүлэх дуртай байдаг юм. Яагаад ч юм бэ, мэдэхгүй миний өрөөнд хурал болдог болоод олон жил болж байна даа.
- Анхны гардаж хийсэн хагалгаан дээрээ сандарч байсан уу?
- Аавын минь мал хөнгөлдөг хутга надад одоо хүртэл байдаг юм. Би тэр хутгыг их бэлэгшээж боддог. Нэг л мэдэхэд надад ирчихсэн байсан. Тэр хутгыг хараад “Би мэс заслын хутга насаараа барих тавилантай хүн юм даа” гэж боддог. Юу ч мэдэхгүй, цагаан цаас шиг амьтан төрж, өссөн Дорноговь аймгийнхаа эмнэлэгт хуваарлигдан очлоо. Анхны мэс ажилбар олгой авах байсан юм. Үнэндээ хөлс гараад, гар салгалаад, мэс заслын өрөөнөөс гараад гүйчихмээр хэцүү санагдаж билээ. Харин настай сувилагч Сүрэн эгч намайг тайвшруулж, “Эмчээ та гараа жаахан тийш нь аажуухан шилжүүл. Яарах юм байхгүй. Өө болж байна” гээд л хичээл заасан. Үнэндээ насаараа сувилагч хийчихсэн хүн муухан эмчээс хэд дахин илүү байдаг. Тэр хүн надад мөн ч олон удаа тус хүргэж, мэс засалч болох гэгээн замыг өөрийнхөө хүүхэд шиг зааж өгч билээ. Тийм болохоор сувилагч нарыг их хүндэтгэнэ. Сайншандын төмөр замын эмнэлэгт мөн ч их зүйл сурч мэдсэн дээ. ЭХЭМҮТ-д ажиллаж байсан Норжин гээд сувилагч байна. Би Норжин багшаа л гэж дууддаг. Тэр хүнээс мөн ч олон эмч мэс засал хэрхэн хийхийг сурч, мэдсэн дээ. Би хүн бүрийн тус дэмийг авч явсаар өдий зэрэгтэй эмч болчихоод даналзаж байгаа. Яг үнэндээ бусдын намайг гэсэн тус дэм, сайхан сэтгэлийн хүчээр хүүхдийн мэс засалч болж, олон мянган хүүхдийн амь насыг аварч байгаа хүн шүү дээ, би.
- Та эмчийн ажлаа орхиод Солонгос явж, хар ажил хийж, хэсэг манаргасан гэсэн. Мэс заслын эмчээс хар ажил хийдэг хүн болох ямар санагдаж байв?
- Хөдөөнөөс хот руу ирээд УЭНЭШТ-д мэс засалч эмчээр ажиллахаар зориг шулуудлаа. Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, тухайн үеийн МАХН-ын XIX их хурлын төлөөлөгч Д.Авирмэд эмчтэй уулзахад “Манайд орон тоо бий. Чамайг ажилд авна” гэж хэлсэн. Ингээд Ерөнхий захирал Т.Эрхэмбаатартай нэг сар гаруй хугацаанд шантралгүй үүдийг нь сахиж суугаад, 1995 оны аравдугаар сарын 1-нээс хүүхдийн мэс заслаар овоглон ажиллах болсон. Оюутан ангийнхаа охиныг эхнэрээ болгоод аваад суучихсан. Хадмынхаа хажуу өрөөнд амьдарч байгаа залуу эмчийн цалин хаанаа ч хүрэхгүй. Нэг л өглөө гэр бүлээрээ Солонгос явж, ажил хийхээр шийдээд жил гаруйн дараа амралтаа авахдаа “15 хоног гадагшаа явчихаад ирнэ” гэж Д.Авирмэд эмчээ сэнхэртэл панаалдаад явчихсан. Ингээд гурван жилийн дараа эх орондоо ирж билээ. Би Солонгост амьдралын хүнд хэцүүг, хөдөлмөрөө үнэлүүлэхийн сайн сайхныг мэдэрсэн. Бас хүнээс үг дуулж, тэсвэр тэвчээрийг сурсан. Ингээд гурван жилийн дараа ажилдаа эргэн орсон доо. Нөгөө л Д.Авирмэд эмч дээрээ урвайгаад, аавдаа эрхэлж байгаа хүүхэд шиг орсон доо. Би ирээд “Хөдөлмөрийн хүн” гэж хамт олондоо зарлаад ажилдаа орсон. Хэлсэн амандаа багтах гэж зүтгэчихсэн юм. Үнэндээ сайн хань, сайхан үр хүүхдийнхээ хүчээр өдий зэрэгтээ яваа амьтан шүү дээ.
- Та хамгийн ихдээ хэдэн цаг хагалгаанд орж байсан бэ?
- Олон жил мэс засал хийчихсэн эмч нартай жижүүрт гарна. Тэд “За, итгэл алдаж, факталчихааж сууж байв” гэж хэлчихээд хааяа яваад өгнө. Тэр үед чинь нийгэм эмх замбараагүй байлаа шүү дээ. Өвчтнүүдийн аав, ээж архи бариад л ороод ирнэ. Тэгээд л асуудал эхэлж байгаа юм. Би ч эмч нарынхаа итгэлийг алдахгүйн төлөө ганцаараа үзэж тардаг байлаа. Шөнөжин хагалгаа хийгээд хононо. Маргааш өглөө нь ноцтой биш ч, заримдаа асуудалд орно. Нөгөө эмчийгээ явчихсан гэж хэлж чадахгүй, дарга нарт матаж, өөрийнхөө нэрийг цэвэрлэх гэж оролдож явсангүй. Загнуулж зогсож байгаад л гардаг байж билээ. Залуухан байхдаа жижүүрт хонох гэдэг үгтэй болж, амьдралынхаа олон хоногийг мэс заслын өрөөнд өнгөрүүлсэн. 32-36 цаг тасралтгүй ажиллаж байлаа. Манай тасагт жижүүрийн хугацаанд төлөвлөгөөт болон яаралтай мэс заслыг 24 цагийн турш Р.Нуржанар эмч хийж, рекорд тогтоосон байдаг. Харин Д.Отгонгэрэл эмч бид хоёр 2009 онд өдөржин шөнөжин хагалгаанд ордог юм. Өглөөнөөс эхэлсэн хагалгаа ар араасаа цуварсаар үүр цайгаад, 04:30 цаг болж байхад дууслаа. Гадаа агаар амьсгалаад зогсож байтал хагалгааны хэсэгт олгой, хавчигдсан эвэрхий өвчтэй хоёр хүүхэд ирлээ. Нойроо сэргээж аваад ажилдаа орсон. Ингээд 23 цаг тасралтгүй хагалгаа хийгээд өглөөний хуралд орж байлаа. Рекордын хугацаанаас нэг цаг л дутуу байсан. Сард 6-7 удаа жижүүрт хоноод маргааш нь үргэлжлүүлж ажиллаад, орой нь гэртээ харьдаг байж билээ. Үнэндээ мэс засал хийсэн хүүхдүүддээ санаа зовоод өглөө буугаад явж чадахгүй өнждөг байлаа. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Отгондалай эмч нас барахдаа “Хүүхдүүд минь, жижүүрийн амралтаа л эдэлж байгаарай” гэж захиж байлаа. Харамсалтай нь, одоо ч гэсэн тайван амарчихаж чадахгүй л сууна.
- Та олон мянган хүүхдийн амь насыг аварсан байх. Таны санаанаас гардаггүй хагалгаа байдаг уу?
- Гурван настай хүүхдээс хоёр килограмм хавдар авсан хүндхэн хагалгааг Монголдоо анх удаа хийж байсан. Мөн Монголд анх удаа хүүхдэд эрхтэн шилжүүлэх мэс ажилбарыг 2012 онд багийхантайгаа хийж байжээ. Энэ хагалгаанд орсон дөрвөн настай хүү төрөлхийн элэг цөсний замын битүүрэлтэйн улмаас элэг нь хатуурч, тархинд нь хүндрэл өгөөд эхэлчихсэн байсан. Энэ хэвээр удвал үхэлд хүргэх аюултай байсан. 2000 онд Архангай Тариат сумаас өтгөн нь хатдаг гэх оноштой нэг хүүхэд ирсэн юм. Өтгөн нь чулуужиж, түгжрээд, гэдэс нь тогоо шиг болчихсон хүүхэд. Онош нь тодорч өгдөггүй. Олон өдөр бодсоны эцэст бүдүүн гэдсэнд нь хагалгаа хийлээ. Гэтэл бүдүүн гэдэсний төгсгөл нь мэдрэлгүй болсноос үүдээд өтгөн нь түгжирсэн байсан. Нэг удаа дөрөв тавхан настай хүү доошоо цус алдаж, цусаар бөөлжин хүргэгдэж ирдэг юм. Тэр хүү элэгний судасны хагас бөглөрөлтэй учраас ходоодны амсар дахь судас нь өргөсөөд, цус алдаад байсан юм билээ. Бид амжилттай эмчилж чадсан шүү. Одоо тэр хүү 20 гаруй настай сайхан залуу бий. 2016 онд мэс засалчдын чуулган болж байхад би алсын дуудлагад, Өвөрхангай явж байлаа. Тус аймгийн эмнэлэгт төрөөд гурав хонож байгаа, ходоод нь цоорчихсон ихэр нярайд хагалгаа хийсэн. Бараг амьдрах боломжгүй болчихсон байсан хоёр охиныг амьдруулж чадсан даа. Тэр хоёр маань одоо дөрвөн настай, цагаан сараар манайд ирж золгодог. Хотын гудамжинд, хөдөө орон нутагт явахад мэс засал хийж байсан хүүхдүүдтэйгээ тааралдана. Аав, ээж нь “Таны амийг нь аварсан хүүхэд шүү дээ” гээд л данхайсан том залуу дагуулаад ирнэ. Амь насыг нь аварсан хүүхдээ сайн сайхан амьдарч явааг харах л үнэхээр сайхан байдаг. Олон цаг үргэжилсэн, хүнд хагалгааны дараа цэлмэг тэнгэрийн одод ширтээд, урт амьсгаа авдаг. Тэр үед ядарснаа мартаад, эргээд сэргэчихдэг дээ.
- Таныг хамт олон чинь яагаад “Ар халхын алдарт мэс засалч” гээд байдаг юм бэ?
- Бидний хэдэн нөхөд гэр бүлийн хамт уулзаж, буу халаад, ганц нэг зуу татаж байхдаа “Найз нь халхын аль ч суманд яваад очиход гурав хоног архи уучихна шүү дээ” гэхэд тэнд сууж байсан Өврийн монгол залуу “Чи тэгвэл Ар халхын алдарт эмч байна шүү дээ” гэж билээ. Үүнээс хойш сэтгэл хөөрч, онгирох үедээ цээжээ хөдөлгөн ханхалзаж, “Ар халхын алдарт мэс засалч Аюушхүүгийн Цэнджав байна” гэж хөөрцөглөж, тоглоом шоглоом болгож ярьдаг болсон доо. Түүнээс болоод л хүмүүс тэгж дууддаг болчихсон юм. Том хүний эмч нар тархи, зүрх, хэвлийн хөндийн мэс засалч гээд мэргэшээд, түүнийгээ дагнаад явдаг бол хүүхдийн мэс засалч хүүхдийн бүхий л эд эрхтэнд мэс засал хийдэг. Зүрх, уушги, тархинаас эхлээд мэдрэлийн, хавдар авах зэрэг олон төрлийн мэс засал хийнэ. Саяхан Монголын нэгэн нэртэй мэс засалч эмч манай эмнэлэгт ирээд хүүхдэд хагалгаа хийсэн. “Залуу эмч шиг сандраад хэцүү байсан” гэж ярьж байгаа юм. Тэгэхэд л “Хүүхдийн мэс заслын эмч эмч бүхний оргил нь юм байна” гэдгийг ойлгож, мэдэрч зогслоо.
Бидний яриа удтал үргэлжилсэн ч энэ удаад ингээд төгсгөе. Цэндээ эмч “Хүүхдэд мэс засал хийнэ гэдэг яг л уран шаглаа оёж байгаа, эсвэл нарийн сийлбэр хийж байгаа юм шиг торгон мэдрэмж, хурц хараа, ур, ухаан шаарддаг юм. Амьсгал авах хугацаа хүртэл хязгаартай. Гарын хөдөлгөөн хуруу, бугуйны үе усны урсгал шиг л уяхан туяхан байх ёстой. Автомашины тослочихсон шариктай адилтгаж, зүйрлэж болохоор. Үүнээс гадна сэтгэл зүйгээ удирдах, төвлөрөх, давчдаж, яарах зэрэг сэтгэл хөдлөлөө дарж чадсан эмч л хүүхдэд мэс засал хийх эрхтэй байдаг юм даа” хэмээн ярьсан билээ.
Эх сурвалж: 2020.10.26 | Ergelt.mn