-Удахгүй танай тасгийн 50 жилийн ой болох гэж байна. Ололт амжилт дүүрэн он жилүүд байсан байх?
-Манай Мэдрэлийн мэс заслын алба 1966 оны аравдугаар сарын 12-нд анх үүсгэн байгуулагдсан. Энэ өдрөөс хойш 50 жил болж байна. Хөдөлмөрийн баатар Ж.Хайрулла багш анхны тархины мэс заслыг хийсэн ба зөвлөх эмчээр ажиллаж байгаа.
Анхны тулгын чулууг П.Дондов тасгийн дарга, зөвлөх эмч Б.Оюун, Д.Жавзмаа эмч нар маань тавилцсан. Миний хувьд энэ тасагт 24 дэх жилдээ ажиллаж байна. Монголын ард түмэндээ мэс заслын тусламж,үйлчилгээ үзүүлж байгаа энэ салбар улам хөгжсөөр байгааг хэлэхэд таатай байна.
Бид олон улсын Мэдрэлийн мэс заслын салбарын шинэ ололт, дэвшилтэт арга, технологийг өөрийн оронд нутагшуулан, хөгжүүлж ард түмэндээ чанартай тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Манай тасагт дөрөв дэх үе маань ажиллаж байна. Ер нь аль ч салбар, алба гурван үе дээр тогтдог. Тэгвэл манайд ахмадууд, түүний дараагийнх, дунд, залуу үеийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Ахмадуудынхаа туршлагыг залуу үедээ нэвтрүүлдэг. Дунд үе нь холбоос болж, нэгэн баг хамт олон болон ажиллаж байгаагаараа бид бахархдаг.
-Өнөөдөр танайд тархинаас гадна олон төрлийн мэдрэлийн мэс засал хийж байна. Энэ талаар?
-Манайх мэдрэлийн мэс заслын тасаг биш алба. Монголд үндсэн мэргэжилтн үүд ажилладаг алба нь III эмнэлэгт л байдаг. Хувийн салбаруудад шинэ үүсэн бий болсон 5-10 жил болж байгаа тасгууд бий. Гол үндсэн мэргэжилтэн, нөөц бололцоогоо бэлтгэдэг нь III эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг.
Улсын хэмжээнд үйлчилдэг ганц тасаг болохоор алба гэж нэрлэхээс өөр аргагүй. Бүхий л хүнд ачааг үүрч байна. Мэдрэлийн мэс заслын салбар нь дотроо тархи, нуруу, нугасны бүх төрлийн, үүн дотроо том хүний, хүүхдийнх гээд олон чиглэлээр салбарладаг бөгөөд энэ бүх төрлийн мэс заслыг манай тасагт хийдэг.
Алба үүсч, хөгжсөн 50 жилийн хугацаанд Ж.Хайрулла багшийн хийсэн гол ажлуудын нэг бол чиглэл, чиглэлээр нь эмч, мэргэжилтн үүдээ сургаж, мэргэш үүлсэн. Тухайлбал, нуруу нугас, тархины хавдар, тархины судас гэх мэт. Цаашид улам салбарлаж, нарийн мэргэших байх гэж боддог.
Энэ албаны ачааг үүрэлцэж яваа мэргэжилтний хувьд хэлэхэд энд ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, үйлчилгээний ажилтны ахуй амьдрал, цалин хангамж хэдий дутагдалтай ч хүний амь аврахын төлөө бурхнаас заяагдсан хувь тохиолтой болохоор цааргалж, шалтгаан хэлэлгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж, ард түмэндээ тусалж буйдаа үргэлж баярлаж, эзэмшсэн мэргэжил, хамт олноороо бахархаж явдаг.
-Таныхаар үйлчилгээг сайжруулахын тулд яах ёстой вэ?
-Мэс заслын тусламж, үйлчилгээ сайжрахын тулд тодорхой хэмжээний үнэлэмжтэй байх ёстой. Үүнийг манайхан өрөөсгөл, буруу ойлгоод байдаг. Даатгалын системээс санхүүжилтийн ихэнхийг нь гаргаж байж бид дотоод нөөц бололцоогоороо, төсөв харалгүйгээр аппарат, тоног төхөөрөмж, техникийн шинэчлэл хийж, технологийн дэвшил гаргаж, эмч, мэргэжилтнээ сургаж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд тодорхой хэмжээгээр тусалж дэмжих боломжтой болно.
Тэгэхгүй дан төсөв хараад байвал хөгжихгүй, дорвитой ахиц дэвшил гарахгүй. Тиймээс төр засаг энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Ард иргэд маань эрүүл байж, улс орон хөгжинө шүү дээ. Үе үеийн дарга нар маань салбарыг хөгжүүлэхийн тулд бүх бололцоогоо шавхан ажилладаг ч цаад системийн бодлого буруу болохоор төсвийн мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй тал ажиглагддаг.
Тэгэхээр эмнэлгээ санхүүгийн дотоод зохицуулалттай болгоё гэсэн санаа хамгийн зөв шийдвэр юм. Дотоод зохицуулалт гэхээр эмнэлэг дотроо тодорхой хэмжээний мэс заслуудаа төлбөртэй болгох. Гадаадынх шиг өндөр үнээр биш боломжийн хэрээр санхүүгийн хяналт, зохицуулалттай байвал мөнгө маань хаашаа ч урсахгүй зөвхөн эмнэлэгтээ буюу ард иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад л зарцуулагдана.
-Эмч нарынхаа мэдлэг, чадварыг яаж дээшлүүлдэг вэ. Мэдрэлийн мэс заслын эмчийн орон тоо хүрэлцээтэй байдаг уу?
-Манай эмч нар гадаад, дотоодын 3-4 оронд зургаан сараас хоёр жилийн хугацаатай сурч, мэргэшдэг. Эмч нарын мэдлэг, ур чадвар, дадлага туршлагаар боломжийн байгаа.
Дээр би хэлсэнчлэн салбар дотроо чиглэл чиглэлээрээ нарийсах ёстой. Тухайлбал, мэдрэлийн мэс засал дотроо том хүний , хүүхдийн, цаашлаад тус бүртээ тархины судас (энэ нь тархины судсан дотуурх ба нээлттэй), тархины хавдар, нуруу нугасны гэх мэт.
Өнөөдөр нэг чиглэлд гурван эмч бэлтгэгдэх ёстой. Тэгэхээр 10 гаруй чиглэлд 30 эмч хэрэгтэй. Гэтэл өнөөдөр манай тасагт найман эмчтэй, хоёр зөвлөхтэйгөө нийлээд 10 эмч ажиллаж байна. Жилээс жилд мэс заслын тоо ихэсч байгаа. 1990-ээд онд жилд 300 гаруй хүн мэс засалд ордог байсан бол өнөөдөр 1200 болсон. Хамгийн их тохиолдож байгаа судасны эмгэг гэхэд жилд 20-30 гэдэг байсан бол одоо сард ийм тоогоор ордог болсон.
Өвчлөл ихэссэн нь манай эмч, мэргэжилтн үүдийн мэдлэг сайжирсантай холбоотой. Эрүүл мэндийн систем дотроо манай алба хамгийн хүнд нь. Өдөрт 5-6 мэс засал дараалж орно, ачаалал ихтэй.
Ярилцлагынхаа төгсгөлд аравдугаар сарын 12-нд болох Монголын Мэдрэлийн мэс заслын алба үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан Монголын нийт үе үеийн мэдрэлийн мэс засалчид болон мэдрэлийн мэс заслын албаны сувилагч, мэргэжилтн үүд, нэг баг болон хамтран ажилладаг мэргэжилтнүүддээ баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: 2016.08.19 | Gogo.mn