НЭМГ-аас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээний чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, цаашдын хөгжлийн болон хамтын ажиллагааны чиг хандлагаа тодорхойлохоор “Нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. НИТХ-ын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн нэг үндсэн зорилт нь дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэр, төрлийг үе шаттайгаар нэмэгдүүлсэн иргэдэд лавлагаа, тусламж, үйлчилгээг ойртуулан хүлээлтийг бууруулах явдал юм. Өнөөгийн байдлаар дүүргийн эмнэлгүүдэд хөнгөвчлөх болон хавдрын өдрийн хими эмчилгээ, мэс засал, гэмтэл, гемодиализын тасгийг үе шаттайгаар нээн ажиллуулж буй аж. 2017 оны аравдугаар сараас Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Баянгол, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Өдгөө нийслэлийн таван дүүрэгт мэс заслын тусламж, үйлчилгээг бие даан үзүүлж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн мэс засал, гэмтлийн хагалгаа хийж байна.
Уулзалтад ЭМЯ, НЭМГ, ЭМДЕГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, улсын төв эмнэлэг болон төрөлжсөн мэргэжлийн төвүүд, дүүргийн эмнэлгийн удирдлагууд, мэс заслын эмч, мэргэжилтэн нарын төлөөлөл бүхий нийт 50 гаруй хүн оролцлоо. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эмнэлгүүд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага, хамтран ажиллах саналаа тус бүр танилцуулж мэдээлэл өгсний дараа уулзалтад оролцогчид саналаа солилцсон. Анх 2017 онд нийслэлийн Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг байгуулагдсанаас хойш иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмж нэмэгдэж, улсын төрөлжсөн мэргэшлийн болон төв эмнэлгүүдийн ачааллыг бууруулан амжилттай ажиллаж байгааг оролцогсод онцлон тэмдэглэж байлаа.
Уг үйл ажиллагааны үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар 2020 онд мэс засал, гэмтлийн чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа багцлан танилцуулж “Та бүхний өнөөдөр гаргасан хамтын ажиллагааны олон санал санаачилга нь дүүргийн эмнэлгүүдийн мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг цохон тэмдэглэж талархал илэрхийлж нийслэлийн хүн амд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг улам сайжруулах талаар дүүргийн эмнэлгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн байна.
Эх сурвалж: 2019.11.08 | Medee.mn