-Мэдрэлийн мэс заслын тасаг анх хэзээ байгуулагдсан бэ. Өнөөдөр энэ тасагт хэдэн эмч, хэчнээн ортой үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Анх 1966 оны 10 дугаар сарын 12-ноос Ж.Хайрула гэж хүн хамгийн анхны тархины мэс заслын хагалгаа хийснээр Монголд мэдрэлийн мэс заслыг нэвтрүүлсэн түүхтэй. Манай тасаг 2016 онд 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Одоо 51 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Анх 2 өрөөтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Одоогоос 20 жилийн өмнө 40 ортой 10 эмчтэй л тасаг байсан бол өнөөдөр яг л ийм ортой, эмчтэй үйл ажиллагаа явуулж байна. 2006 онд жилд 125 хүн хагалгаанд орж байхад бид их хүн орлоо гэж ярьж байсан бол одоо 2016 онд 1060, 2017 онд 1021 хүн хагалгаанд орсон. Гэхдээ энэ бол хөдөө гадаа явж хагалгаа хийснийг тооцоогүй тоо. Би гэхэд уржигдар Ховд руу явж хагалгаа хийгээд өчигдөр орой ирсэн. Энэ 10 эмч бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладаг тохиолдол байхгүй. Учир нь нэг нь алсын дуудлагад хөдөө аймаг руу явна. Зарим аймаг руу автомашинаар 2-3 хоног явах тохиолдол ч бий. Бас зарим нь хот дотроо дүүргийн эмнэлгүүдэд зөвлөгөө өгдөг.
-Энэ тасгийн эмч нараас өөр эмнэлэгт ажиллах тохиолдол их гарах уу?
-Сая ирсэн Тугбаяр эмч маань гэхэд л ЭХЭМҮТ-д зөвлөгөө өгдөг юм. Бид бас зарим жижиг хагалгааг тэнд нь хийхээр тохирсон байтал өчигдрөөс энд хийлгэхгүй гэж байх жишээтэй. Бид тэдний байрыг нь ашиглах гээд байгаа ч юм биш, тэнд унтуулдаг мэргэжлийн хүүхдийн эмч бий. Манайд том хүний унтуулдаг эмч байдаг, харин хүүхдийн унтуулдаг ганц эмчтэй учраас хүрэлцдэггүй. Та одоо өөрөө харж байна. Жилд 125 хагалгаа хийдэг байсан энэ тасагт 1060 хагалгаа орж байхад яахаараа өвчтний ор нь, эмчийн орон тоо нь ч нэмэгддэггүй юм. Энэ асуудал эмнэлгийн захиргаатай холбоотой асуудал биш. Төсөв мөнгө нь ч нэмэгддэггүй. Энэ бол улсын хэмжээнд ганцхан байдаг тасгийн хувьд үнэхээр хэцүү асуудал, ерөөсөө манай системийн гажуудал болчихоод байна. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй. Харин гэмтэл авсан хүн гэмтлийн эмнэлэгтээ очдог. Гэхдээ бас манайд ч ирдэг. Тэгээд хөдөө орон нутгийн бүх хүмүүс л манайд ирдэг болохоор ачаалал ямар байх нь ойлгомжтой.
-Мэдрэлийн мэс заслын эмч нар өдөрт хэдэн цаг ажилладаг бол?
-Эмч хүрэлцэхгүй байхын зэрэгцээ их ачаалалтай олон жил ажилласан мэдрэлийн мэс заслын эмч нар эрүүл мэндээрээ хохирч байна. “Мэс заслын эмч нар тэтгэвэртээ гарч чаддаггүй” гэдэг айхтар үг байдаг. Зарим нь бүр тэтгэвэртээ дөнгөж гараад л нас барах тохиолдол бий. Манай тасгийн хувьд Дондов, Баатар гэж эмч нар маань тэтгэвэртээ ч гарч чадалгүй л эрүүл мэнд нь муудаад нас барсан. Тэгэхээр энэ их ачааллыг бууруулахын тулд орон тоог нэмэх шаардлага зайлшгүй байгаа ч үүнийг эмнэлгийн даргын эрх мэдлийн хүрээнд шийдэх боломжгүй. Харин салбарын сайд, Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдвэрлэх асуудал. Өвчтний ор болон эмч мэргэжилтний тоог нэмэгдүүлэхгүй бол 40 ортой тасаг, 8 сэхээний ор маань өдөр ирэх тусам л хаанаа ч хүрэлцэхгүй болж байна. Сэхээнд байгаа хүнээ унтуулах эм нь гараагүй, сэрж амжаагүй байхад нь тасагт оруулж болохгүй. Энэ бол бидэнд тулгарч байгаа бодит бэрхшээл. Нэг үеэ бодоход багаж тоног төхөөрөмжийн хангалт сайжирсан. Гэхдээ л 1000 гаруй хүнд хагалгаа хийж байгаа нөхцөлд мэс заслын багажийг олон дахин ариутгахаас эхлээд асуудал бий. Бид хөдөө, орон нутаг руу дуудлагаар хагалгаанд нэг хэсэг багажаа аваад явахад энд багаж хүрэлцэхгүй байх асуудал ч тулгардаг. Ийм л өндөр ачаалалтай бид ажиллаж байна. Бид цалин нэмээд өгөөч гэж хэлээгүй. Барилгын ажилчин хүний ажлыг хэчнээн метр квадрат ажил хийв гэдгээр үнэлдэг. Гэтэл эмч нарын хувьд нэг хагалгаанд орсон, 10 хагалгаанд орсон эмч адилхан цалин авч байх жишээтэй. Манай эмч нар цалин нэмээд өгөөч гэж шаардаагүй. Өвчтөн нэмэгдэж ачаалал нэмэгдээд байгаатай уялдуулж хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлж өгөхийг л бид хүсч байгаа юм.
-Та өдөрт хэдэн хагалгаанд орж байна вэ?
-Би өдөрт нэг, хоёр, гурван хагалгаанд ордог, ер нь хагалгаагүй өдөр гэж байхгүй. Манай залуу эмч нар 5-6 хагалгаанд орж байна. Төлөвлөгөөт хагалгаанаас гадна цус харвалтын яаралтай мэс заслын жижүүрийн эмч 1-2 эмч байдаг. Тэд өдөрт 7-8 хагалгаанд орж байна. Хуучин нэг хагалгаа 12 цаг үргэлжилдэг байсныг бодвол одоо нэг мэс заслын хагалгаа 4-5 цаг үргэлжилж байгаа. Тэгэхээр манай эмч, сувилагчид олон цагаар маш өндөр ачаалалтай ажиллаж байна. Манай хамгийн залуу эмч ядаргаанд ороод эмнэлэгт хэвтэж байгаа. Тасагт 10 эмч байгаа гэдэг ч үнэндээ би сая хөдөө явахад энд 7 эмч л ажиллаад үлдсэн.
-Мэдрэлийн мэс заслын эмч нарын залуу халааг бэлтгэдэг мэргэшүүлэх сургалт явуулж байгаа юу, мөн бусад том эмнэлэгт мэдрэлийн мэс заслын салбар байгуулах боломж ямар бол?
-Сургалтаа явуулж, бид мэргэжилтнийг бэлтгээд байгаа. Харин ажлын байр байхгүй байна. Өнөөдөр мэргэшсэн 3-4 эмч байгаа ч мэргэжлийн ажлаа хийх ажлын байргүйгээс ажилгүй л байх жишээтэй. Өөр газруудад салбар байгуулахын хувьд гэвэл, бид очсон газар болгондоо ярьдаг. Миний хувьд гэхэд л Грандмед эмнэлгийн удирдах нөхдөд энэ тухай хэлэхэд маш дуртай хүлээж авч байгуулъя гэж байсан. Интермед, Эрдэнэтийн гээд хувийн эмнэлгүүдэд хандаж үзсэн тэд бас дэмждэг. Харин тэдэнд багаж, төхөөрөмж байдаггүй. Бид ямар багаж авах талаар энэ чиг үүргийн ажлыг хийх ёстой байгууллага нь биш мөртлөө туслаж, зааварлаж захиалгыг нь хийж өгч байгаа. Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэгт олон удаа хандахад хөдөлдөггүй. Ямар нэг ашиг сонирхлын зөрчил байна уу, мэдэхгүй юм. Хотын түгжрэл ихтэй замд цаг алдаж байхаар тэндээ мэргэжлийн салбар тасаг байгуулаад хагалгаа хийвэл илүү үр дүнтэй байх нь мэдээж. Цэргийн госпитальд бололцоо бий. Тэнд эмнэлэг бүхэнд байдаггүй хагалгааны микроскоп байдаг. Энэ эмнэлгийн дарга Батболдод санал болгоод, армийн эмнэлгийн хувьд эхлээд заавал тасаг байгуулах биш эхний ээлжинд эрэгтэй, эмэгтэй тус бүр 5 хүнтэй плат нээчих, бид очоод мэс заслыг нь хийе, манайхаас 1-2 эмч очиж 2-3 сар ажиллаад хүнийг нь сургая гэж хэлсэн. Төрийн тусгай хамгаалалтын эмнэлэгт ч санал тавьсан. Тэдэнд сонирхол байдаг ч дээрээс нь дэмжихгүй байна. Бид аль болох л салбараа нээхийг зорьж байгаа. Өнөөдөр Дарханд Батхишиг, Эрдэнэтэд Болд гэж манай сургасан эмч нар ажиллаж байгаа. Тэнд бид багажаа авч очоод хагалгаа хийж болж байна. Бидэнд мэргэжлийн хүнийг нь сургаад, хамтран дэмжээд ажиллах боломж нь байна. Энэ ганц тасаг дээр л овоороод байхаар ачааллаа даахгүй болж байна. Ачааллаас үүдээд энэ эмчилгээний үр дүн муудах хандлагатай, 6-7 хагалгаа хийсэн эмч дахиад хагалгаанд ороход ямар чадвартай байх вэ, бодууштай л асуудал.
-Манай мэс заслын эмч нарын цалин, ахуй хангамжийн асуудал бусад эмч нарын адил бас л хүндхэн байх шүү?
-Хөдөө эмч багажаа аваад, нэг сувилагчтай хамт явна. За ихэвчлэн машинаар хүрэх газраа очино. Замдаа осолдвол яахав, ямар ч амь даатгал гэж байхгүй. Томилолтын мөнгө гэж 14 мянган төгрөг өгдөг. Энэ бол хаанаа ч хүрэхгүй нь мэдээж. Сая Ховдод очиход л хамгийн хямд зочид буудалд нэг хоноход л 50 мянган төгрөг байх жишээтэй. Ийм л байдалтай биднийг хүний амь авар гээд явуулж байна. Бид ямар робот биш, хүн л юм болохоор ядарна цуцна, анхаарал суларна. Тэгэхэд өнөөдөр УИХ-ын эрхэм түшээд хэдэн төгрөгийн томилолт авч байгаа бол... Энэ салбарын эмч нар ёстой хүсэл, сонирхол, хүний төлөө гэсэн сэтгэл зүрхээрээ л ажиллаж байна. Өнөөдөр I, II эмнэлэг болон бусад эмнэлэгт мэдрэлийн мэс засал хийлгэх хүн ирэхэд манайх руу л ханддаг. Өнөөдөр манай тасагт хэвтэх гээд ор хүлээгээд сар болж байгаа хүмүүс байна. Улсдаа ганц байгаа мэдрэлийн мэс заслын тасгаа өргөтгөж чаддаггүй юм бол бусад том эмнэлэгт салбарууд бий болгоё. Эмч нар нь ачааллаа даахгүй болж, үйл ажиллагаа нь зогсох нөхцөл байдалд ч хүрч болзошгүй байна.
-Мэдрэлийн мэс заслын хагалгаанд орж байгаа хүмүүсийн зонхилох өвчний шалтгаан болон нас, хүйсийн байдал ямар байгаа бол?
-Монголд элэгний хавдар их байгаа нь үнэн. Дараа нь даралт ихсэх өвчин орж байна. Даралт ихсэх өвчний хүндрэлүүд нь тархины цус харвалт маш их байна. Мөн судасны эмгэгүүд буюу тархины судасны цүлхэн буюу судас цүлхийдэг эмгэгүүд зонхилж байна. Би сая Ховдод очиход дандаа тархины цус харвасан хүмүүс байх жишээтэй. Насны хувьд гэвэл төрөөд дөнгөж 2 цаг болсон нуруу нугасны эвэрхийтэй /төрөлхийн гажиг/ нярай ч байна, 80 гарсан настай хүн ч байна. Хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй адилхан гэж болно.
-Дэлхийн улс орнуудад мэдрэлийн мэс заслын эмч хамгийн өндөр цалин хангамжтай байх шүү?
-Өнөөдөр дэлхий дээр зүрхний мэс заслын эмчээс ч илүү цалинг мэдрэлийн мэс заслын эмч авч байгаа. Гадаадын улс орнуудад мэдрэлийн мэс заслын эмчийн эрэлт, хэрэгцээ их байдаг. Германы эмч нар гэхэд барууны оронд болон АНУ зэрэг өндөр хангамжтай улсад ажиллах сонирхол их болсон. Миний хувьд аавынхаа байгуулсан энэ мэдрэлийн мэс заслын тасгийг өргөжүүлээд цааш нь аваад явах л хүсэлдээ хөтлөгдөн 32 жил ажиллаж байна. Энэ тасагт манай эгчийн хүү, миний хүү ажиллаж байна. Манай эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн.
Манай улс мэдрэлийн өвчнийг мэс заслаар эмчилдэг болсоор 50 жил болсон түүхт ойн үеэр Хөдөлмөрийн баатар, ардын эмч, Төрийн шагналт Ж.Хайрулла эмчийн онцлон хэлсэн үгийг энэ ярилцлагын төгсгөлд та бүхэнд толилуулж байна.
“Мэдрэлийн мэс засалд өдөр алгасахгүй тохиолддог, цаг алдахгүй мэс засал шаарддаг өвчин бол тархинд цус харвах, цус хомсрох, тархи усжих, тархи нугас гэмтэх. Тиймээс тэнд ажилладаг эмч, ажилчдын ажлын ачаалал харьцангуй өндөр хүнд байдаг. Гэтэл тэдний авдаг цалин, эдэлдэг амралт нь бусдаас ялгагдах юмгүй 360-660 мянган төгрөг байх жишээтэй. Герман, Австри, Америкийн эмч нар сард 100-130 мянган ам.доллар, Солонгост 10 сая вонн, Орост 60 мянган рубль, мөн ажлын цагийн хөнгөлөлт ихтэй. Хятадад ажил нь хүндэрвэл дор нь солих нөөц хүнтэй, Японд ажлын ядаргааг тайлах ажил зохиодог Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагатай, мэдрэлийн мэс заслын эмч, ажилчид ажлын зургаан цагийн ажилтай. Эрэгтэй 55, эмэгтэй 50 насанд тэтгэвэрт гардаг. Ээлжийн амралт ажлын 48 хоногоор амардаг стандарттай байх юм. Эдгээр оронд эрүүлийг хамгаалах үйлчилгээнд ДНБ-ийн зургаан хувийг улс нь зарцуулдаг бол манайд 2.8 хувьтай тэнцэх жишээтэй. Харин 1966 оноос Монголд анх удаа мэс засал хийдэг болсноор Б.Оюун, Б.Батчулуун, Д.Энхболд, Л.Аваажигмэд, Х.Хусаян, Ц.Тугбаяр нарын эмч болон сувилагчдын олон хүний амь нас, ажил, амьдралыг нь аварсныг юутай харьцуулж, юугаар үнэлэх вэ?” хэмээн онцлон хэлсэн байдаг.
Эх сурвалж: 2017.06.05 | Montsame.mn