-Маргааш болох мэс засалчдын чуулга уулзалтад та илтгэл тавих юм байна. Илтгэлийнхээ гол агуулгаас манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчид урт хугацаанд эмчлүүлж байгаа тохиолдолд эмийн эмчилгээгээр эдгэрэхгүй байх нь элбэг байдаг. Ийм тохиолдолд мэс заслын аргаар голомтыг нь тайрч авдаг. Ингэснээр эмийн эмчилгээг улам сайжруулдаг.
Цаашдаа дахин өвчлөхөөс урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой. Тийм учраас эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ гэж тусад нь илтгэлдээ оруулж байгаа юм.
-Энэ жилийн чуулга уулзалтыг танай эмнэлэг зохион байгуулж байгаа гэсэн. Бэлтгэл ажлаа бүрэн хангасан уу?
-Энэ жилийн мэс засалч эмч нарын 11 дэх удаагийн чуулганы дотоод зохион байгуулалтыг ХӨСҮТ хариуцаж байгаа. Бидний бэлтгэл ажилд Монголын мэс засалч эмч нарын холбоо их дэмжлэг үзүүлж, чиглүүлж өгч байгаа учраас бэлтгэл ерөнхийдөө бүрэн хангагдсан гэж хэлж болно. Энэ удаагийн чуулганд АНУ, ОХУ, БНСУ-аас зочин эмч, төлөөлөгчид урилгаар оролцож, дурангийн мэс заслын хөгжлийн талаар сонирхолтой илтгэлүүд тавина.
-Манай эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийгдэж эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн чуулганаар мэс засалчид маань энэ талаар нэлээн түлхүү ярих болов уу?
-Чуулганд Монголын мэс заслын хөгжил, дэвшил, хийсэн ажлын талаар холбооны ерөнхийлөгч Н.Баасанжав багш илтгэл тавихаас гадна элэгний мэс засал, хүүхдэд тохиолдох тархины буглааны онцлог, элэг шилжүүлэн суулгах үеийн судасны хүндрэл, зүрхний хавхлагын гажгийн мэс заслын эмчилгээний алсын үр дүн гэх мэт салбартаа шинэлэг, өндөр мэдлэг чадвар шаарддаг мэс заслуудын талаар болон манай эмнэлгийн шилдэг эмч нар илтгэл тавина. Монгол Улсад импортлогдож орж ирж байгаа шинэ техник, технологийг хамгийн түрүүнд хүлээн авдаг коридор бол мэс заслын салбар байдаг. Манайд элэг болон мэдрэлийн, хүүхдийн, цээжний хөндийн, зүрхний мэс засал зэрэг эрүүл мэндийн маш олон салбараар дамжин шинэ технологи орж ирдэг.
-Мэс заслын эмч нарын чуулганыг анх ХСҮТ–өөс санаачлан зохион байгуулж байсан гэж сонссон юм?
-Тийм, Одоо бол улам өргөжөөд олон улсын шинж чанартай болж амжилтаа дүгнэн ярилцдаг томоохон хэмжээний цугларалт болсон гэж хэлж болно. Нөгөө талаар шилдэг бүтээлийн уралдаан ч гэж хэлж болно.
Мөн тус чуулганаар шилдэг мэс засалч эмч, шилдэг залуу эмч нарыг шалгаруулж, тавигдсан илтгэлүүдийн шилдгийг шалгаруулж байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Мөн чуулганыг дэмжин ивээн тэтгэгчээр оролцож буй ДЭМБ, Глобал сан, Medj компани, Монголиан стар мелшерс компани, Жонсон энд Жонсон компани болон мэдээллийн ARSLAN.mn сайтын хамт олонд талархсанаа илэрхийлье.
-Та бүхний ажилд амжилт хүсье.
Эх сурвалж: 2016.10.27 | Аssa.mn