Монголын мэс засалч эмч нарын Х чуулган эхэллээ

Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Академич Н.Баасанжав чуулганыг нээж хэлэхдээ, "Монголын мэс засалч эмч нар өнгөрсөн хугацааны алдаа, оноо, амжилт бүтээлээ дүгнэн хэлэлцэхээр чуулж байна. Монголын мэс засалчид өнөөдөр эд, эрхтэн шилжүүлэн суулгах болон нөхөн сэргээх хагалгаанууд, дурангийн мэс заслыг өдөр тутам хийж, судсан доторх мэс заслыг хөгжсөн орны түвшинд хүргээд байна. Мөн 10 гаруй орны мэс засалчидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байгаа нь Монголын эмч нарын ур чадвар дэлхийн энтэй байгааг нотлон харуулж байна" гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Одонтуяа гишүүнтэй хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зохион байгуулалтын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа танилцуулав. Энэ хуулийн төсөлд эрүүл мэндийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалтын тогтолцоог олон улсын нийтлэг чиг хандлагын жишигт нийцүүлэн цогцоор нь өөрчлөх зохицуулалт оруулжээ. Мөн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр тусгасан байна.  Бодлогын шинэчлэл хийх зорилгоор зарчмын томоохон өөрчлөлтүүд оруулж байгаа хуулийн энэ төслийг ойрын хугацаанд УИХ-д өргөн барих аж.

Мэс заслын эмч нар салбарынхаа алдаа оноог дүгнэн, шинэ технологи, олон улсын чиг хандлагын талаар зөвлөлдөхөөр хоёр жил тутам чуулган зохион байгуулдаг аж. Энэ удаагийн чуулганд УИХ-ын гишүүн Д.Батцогт, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич Н.Баасанжав болон албаны бусад хүмүүс оролцов. Түүнчлэн мэс заслын дэлхийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцохоор АНУ, ОХУ, БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд, нийслэл, орон нутгийн төлөөлөл болох 300 гаруй эмч оролцов.

Эх сурвалж: 2014.11.28 | Mongolnews.mn