Монголын Мэс Заслын Эмч нарын Холбоо, Эрүүл Мэндийн Яам, эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Монголын Элэг Цөс Нойр Булчирхайн Нийгэмлэг, Монголын Дурангийн Мэс Заслын Эмч нарын Нийгэмлэг, Монголын Радиологийн Нийгэмлэг, Монголын Эрчимт Эмчилгээний Нийгэмлэг, Монголын Интервеншионал Эндоскопийн Нийгэмлэг, холбоодууд, АШУҮИС-ийн Мэс Заслын Тэнхим хамтран 2018 оны 5 сарын 18,19-нд Улаанбаатар хот, Чингис Хаан зочид буудалд Монголын Дурангийн Мэс Заслын Эмч Нарын III Чуулга Уулзалтыг “Хөнөөл багат мэс засал: Цөсний замын хүндрэл ба менежмент” сэдвээр амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн гуравдугаар чуулга уулзалтад аймаг, нийслэлийн 500 гаруй мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа. Уг арга хэмжээг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үг хэлэхдээ мэс заслын, дурангийн, дүрс оношлогооны эмч, сувилагч нар бид Монголд хамгийн зонхилон хийгддэг цөсний хүүдийн хагалгааг аюулгүй хийх удирдамжийг хэлэлцэн чуулж байна гэлээ.
Мөн чуулга уулзалтаар дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нотолгоонд суурилсан, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой аргыг заах заавар зөвлөмжөөр хангахад чиглэн олон улсын зөвлөхүүд хамтран боловсруулсан SAGES, IRCAD, Италийн мэс заслын нийгэмлэгийн урдирдамжуудыг үндэслэн “Дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслын үеийн аюулгүй байдлыг хангах, мэс заслын дараах хүндрэлийн үеийн эмчилгээний заавар” “Улаанбаатар-18 Заавар”-ыг Эрүүл мэндийн сайдын А/131 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг боловсруулж, мэргэжлийн эмч, мэргэжилтнүүддээ танилцууллаа. Ингэснээр цөсний хүүдийг дурангийн аргаар авах мэс заслын технологийг дэлхийн түвшинд хүргэх, эмчилгээний үр дүнг сайжруулахад чиглэсэн томоохон эрхзүйн баримт бичигтэй болж байгаа юм.
Энэхүү ажлын хэсэгт Зөвлөх мэргэжилтнээр АШУҮИС-ийн АУС-ийн Мэс Заслын тэнхимийн профессор, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн, тэнхимийн ахлах багш МУ-ын Зөвлөх зэргийн эмч С.Эрдэнэ, Ажлын багийн мэргэжилтнээр АШУҮИС-ийн АУС-ийн Мэс Заслын тэнхимийн эрхлэгч Б.Батсайхан, тэнхимийн багш Ү.Санчин нар, хурлын зохион байгуулах үйл ажиллагаанд АШУҮИС-ийн АУС-ийн Мэс Заслын тэнхимийн багш АУ-ны доктор Б.Баатарсүрэн, Л.Ганчөдөр, Н.Бат-Эрдэнэ, С.Тамир нар оролцлоо.
Хурлын эхний өдөр Монголд анх удаа Мэс Заслын резидент эмч нарын дунд дурангийн мэс заслын тэмцээн явуулснаас тэргүүн байрыг УХТЭ-ийн резидент Н.Ариунболд эзэлж Монголын Дурангийн Мэс Заслын Эмч нарын Нийгэмлэг сертификат, мөнгөн шагнал гардуулав.
Эх сурвалж: 2018.06.13 | https://www.mnums.edu.mn/newsView.php?post=2437&lang=mn