Ж.Хайрулла: Эмч хүн эх хүн шиг л байгаасай
Монгол Улсын Төрийн шагналт, ардын эмч, хөдөлмөрийн баатар, академич, доктор, профессор Ж.Хайрулла эмчийн iToim.mn сайтын “Хоймор”-тоо урьж ярилцсан ярилцлагыг толилуулж байна.1966 онд Монголд анх удаа тархины мэс засал хийж, мэдрэлийн мэс заслыг эх орондоо нутагшуулсан түүний хөдөлмөрийг хүндэтгэн П.Н.Шастиний нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийг Ж.Хайруллагийн нэрэмжит болгон мэдрэлийн мэс заслын амьд домог хэмээн хүндэтгэдэг. 87 насыг зооглож буй эмч хэмээх эрхэм алдраар 60 дахь жилдээ овоглон яваа тэрбээр өнгөрсөн хугацаанд 11000 гаруй эмчийг бэлтгэн гаргасан.
- Та эх орны баруун хязгаараас Улаанбаатар хотод ирэхдээ Д.Сүхбаатар жанжны гэрт байсан гэдэг. Энэ тухайгаа хуучлахгүй юу?
- Намайг анх хөдөөнөөс авч ирсэн хүн Ардын хувьсгалын партизан хүн байсан. Тэр хүн Сүхбаатар жанжин, Маршал Х.Чойбалсан, Янжмаа гуайтай (Сүхбаатар жанжны гэргий) найз улсууд байсан юм билээ. Намайг ирэхэд жанжин байхгүй нас барсан, түүний хүү Галсан, бэр Ичинхорлоо нь байсан. Намайг Сүх жанжныд авч ирсэн партизан “Офицерын сургуулийн хичээл нээгдтэл танайд л байж байг. Хичээл нь эхлэнгүүт чи хүргэж өгөөрэй” гээд Янжмаа гуайд даалгаад үлдээгээд явсан. Тэднийд сар гаруй, бараг хоёр сар хэртэй амьдарч байгаад Офицерын сургуульд орсон түүхтэй юм даа.
- Та Сүхбаатар жанжныд ирээд л монгол хэл сурч байсан гэсэн үү?
- Тэр үед надтай хамт хөзөр тоглоод суудаг байсан жаахан охин бий. Тамара гээд жанжны охин. Сүүлд нэр нь өөрчлөгдөөд Уранбилэг бил үү монгол нэртэй болсон байсан. Би хөдөөнөөс ирэхдээ монгол хэлэнд маш муу байлаа. Тамаратай хөзөр тоглосоор байгаад монгол хэлтэй болсон юм. Тэгэхдээ огт монгол хэл мэдэхгүй биш. Ганц хоёр урианхай үгтэй байсан юм. Монгол хэл бараг мэдэхгүйг минь далимдуулж надаар тоглоом шоглоом хийдэг байсан ч сүүлдээ дасаад би ч сайн ярьдаг болсон л доо.
- Таныг хүмүүс казах хүн гэдэг ч аав тань татар, ээж тань узбек хүн байсан гэсэн. Аав, ээжийнхээ талаар хуучлахгүй юу?
- Аав минь 1938 оны хэлмэгдүүлэлтээр баригдаж яваад Ховд аймгийн төвд буудуулсан байдаг. Ээж минь бидэнтэй хамт байж байгаад одоогоос 30-40 жилийн өмнө бурхан болсон. Дээр үед Казань, Астрахань, Ташкент зэрэг соёл шинжлэх ухааны төв хотууд байсан. Манай аав Казань хотод сургууль төгссөн хүн. Тэр сургуулийг шашны чиглэлээр төгссөн бол лал, мусульман шашин шүтдэг улсууд руу илгээлтээр явуулдаг байсан юм билээ. “Сүм хийд барь, сургууль байгуул, хүмүүст шашин сурталчил” гээд явуулдаг байсан. Манай аав дүүтэйгээ хамт илгээлт авч Хятадын Өрөмч хотод очоод узбек айлын бүсгүйтэй танилцан ээжтэй маань гэр бүл болсон. Намайг төрөхөд Монголд ороод ирсэн байсан.
- Таны найз Т.Галсан гуай нэг удаа хошигносон байдаг л даа. “В.И.Путин нэг удаа “Хайрулла бол Оросын татар. Тэгэхээр манай хүн” гэж. Хятадын удирдагч Ху Жинтао “Хайруллагийн ээж нь уйгар хүн учраас манай хүн” гэдэг. Харин Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев “Хайрулла казах хүн. Худлаа гэвэл Алма-Аты хотод хүүхдүүдээ дагуулсан есөн эхнэр нь байна” гэнэ. Харин манай Ерөнхийлөгч Монгол гэж баталгаажуулаад Хөдөлмөрийн баатар өгчихсөн” гэсэн байдаг. Та Баян-Өлгий аймагт мэндэлсэн бил үү?
- Ховд аймгийн Булган суманд мэндэлсэн. Баян-Өлгий намайг 10 настай байхад байгуулагдсан аймаг шүү дээ. Миний сурч байсан сургууль дөрөвдүгээр ангиас цаашаа анги байхгүй. Баян-Өлгий аймагт дунд сургууль байсан болохоор Өлгийд очсон. Тэнд ганц жил сураад Улаанбаатар руу Офицерийн сургуульд явсан байдаг юм.
- Та анагаахын шинжлэх ухааны салбарын анхдагчдын нэг. Таны ах нар бас Монгол Улсын зарим салбарын анхдагч байсан гэж сонссон юм байна.
- Манай аав хоёр эхнэртэй байсан. Нэг эхнэр нь уушигны сүрьеэгээр нас барсан байдаг юм. Түүнээс төрсөн гурван хүүхэд бий. Аав сургууль соёл төгссөн хүн байсан болохоор Улаанбаатар, Москва, Эрхүүд хүүхдүүдээ сургуульд явуулсан. Гэтэл аавыг баригдсан хойно эсэргүүгийн хүүхэд гээд хөөгдөж, зарим нь баригдаж, шоронд сууж, зарим нь үргэлжлүүлэн сурсан. Би л харин баригдаж, шоронд суулгүй гайгүй өнгөрсөн. Гэхдээ өнчин байхын зовлонг зөндөө үзсэн. Айлын хонь мал хариулж, жаахан ядрах нь ядарч л байсан.
- Офицерын сургуульд сурч байх үед тань Дэлхийн хоёрдугаар дайн болж байсан үе. Тэр үеийн талаар та дурсахгүй юу?
- 1945 онд Офицерын сургуульд ирсэн. 14, 15-тай хүүхдүүдийг авдаг байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны бэлтгэл гээд эрэгтэй хүүхдүүдийг 14, 15-тайгаас нь дайчилдаг. Офицерын сургуульд хичээл сурлагадаа гайгүй гэсэн хүүхдүүдийг авдаг байсан байх. Аз дайраад л энэ сургуульд орсон байдаг юм.
- Сүхбаатарын талбайг анх барихад та гар бие оролцож байсан гэсэн. Тэр үед та Офицерын сургуулийн сурагч байсан уу?
- Сүхбаатарын талбайг барьж байгуулахад оролцохоор барах уу. 1946 онд Засгийн газрын ордны зүүн өнцөгт Бөмбөгөр театр нэртэй Улсын төв театр байлаа. Энэ театрын урд талд 150х200 метр газар шороо, элс хайрга асгаад, хүн болгонд модон тайрдас бариулж байгаа юм. Модон тайрдсаар элс хайргаа дагтарширтал нүднэ. Жаахан нягтаршихаар нь замын хар хайлуулж асгаад, ахиж чулуу асгаад хийж байсан. Талбайн ажлыг 1946 онд эхлүүлээд 1947 онд дуусгасан. Тухайн үед манай сургуулийнхнаас гадна Цэргийн төв сургууль, Аюулаас хамгаалахын төв сургуулийн хүүхдүүд барьсан юм. Анх талбайг барьснаас хойш 4-5 удаа засч янзалсан.
- Та хэзээ нь эмч болохоор шийдсэн бэ?
- 1951 онд Офицерын сургууль төгсөөд хөдөө гарч нэг жил багшилсан. 1952 онд эргэж Улаанбаатарт ирээд их сургуульд орсон. 1952-1957 онд Их сургуулийн эмчийн ангийг төгсөөд 1957 оноос хойш эмчийнхээ ажлыг хийж явна. 1957 оноос гэхээр 60 жил болж байгаа юм уу даа.
- Та гадагшаа сурахаар яваад санаандгүй байдлаар мэдрэлийн мэс засалч болсон гэдэг байх аа. Таныг уг нь ямар чиглэлээр сургахаар явуулсан юм бэ?
- Анх би Чехословак явсан. Хүүхдийн цээжний мэс заслаар курс хийнэ гэж Чехэд очоод найман сар хэртэй сураад буцах гэж байтал Эрүүл мэндийн сайд байсан Туваан гуай Чехэд очоод “За Хайрулла минь, Хүүхдийн мэс заслаар Москвад долоо, найман хүн курс хийж байгаа. Монголд тархины мэс засалч хэрэгтэй байна. Тархины мэс заслаар 3-4 хүн Москва явуулсан чинь 6-7 сар болоод буцаж оччихоод явж өгдөггүй. “Их хүнд мэргэжил байдаг юм байна. Бид чадахгүй нь” гээд байна. Сурах хугацааг чинь сунгаж өгье. Европт байгаа дээрээ л суралц” гээд тэнд зургаан сар сургасан. Төгсч ирсэн даруйдаа тархины мэс заслын Монголын анхны хагалгааг хийсэн дээ.
- Тархины мэс заслын анхны хагалгааг та ганцаараа хийж байсан гэдэг?
- Тухайн үед Улсын гуравдугаар эмнэлэг байсангүй. Одоогийн Нэгдүгээр эмнэлгийн тэнд Гэмтлийн тасаг гэж байсан юм. Гэмтлийн тасгийн Энэбиш эмчийг дагуулж, бид хоёр Даариймаа гэж жаахан охинд хагалгаа хийсэн. Энэ хагалгаа амжилттай болж, мэдрэлийн мэс заслын анхны гараа болсон юм.
- Осолд орсон хүүхдээ аав нь тэврээд, ээж нь хүүгийнхээ тархийг алган дээрээ бөмбөрүүлээд орж ирсэн тохиолдлын тухай та өмнө нь ярьж байсан. Энэ таны хэд дэх хагалгаа байсан юм бэ?
- Энэ явдал Даариймаад хагалгаа хийхээс өмнө буюу анхны хагалгаа хийхээс өмнөх явдал юм. Мотоцикльтой хүн жаахан охиныг дайрсан байсан. Аав нь хүүхдээ тэвэрчихсэн толгойноос нь цус садарсан, орж ирсэн. Ээж нь алган дээрээ шороо өвс холилдсон нэг жаахан зүйл барчихсан байсан нь тархи нь байж. Би тэр үед Гэмтлийн тасагт жижүүртэй байж таарсан юм. Охины тархины цусыг нь тогтоогоод, буцааж хийгээд оёсон. Сар хэртэй хэвтээд гайгүй болоод босоод ирсэн. Тэр үед би тархины мэс засалч биш жирийн мэс заслын эмч байсан юм.
- Таны хүү Х.Хусаян Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийг олон жил толгойлон авч яваа. Анх мэдрэлийн мэс засалч эмч болоход нь та их дургүй хүлээж авсан талаар таны хүү ярьсан байдаг. Мөн Монголд тархины анхны мэс засал хийсэн өдөр таны хүү Х.Хусаян мэндэлсэн юм билээ?
- Мэдрэлийн мэс засалч эмч үнэхээр хүнд мэргэжил. Хэн өөрийнхөө үр хүүхдийг хүнд юманд дайчлахыг бодох вэ дээ. Хүүгээ төгсөнгүүт Нэгдүгээр эмнэлэгт нэг жил мэс заслын эмчээр ажиллуулсан. Нэг жил ажилласныхаа дараа хүрч ирээд “Би мэдрэлийн мэс заслын эмч болно. Хэрвээ хийлгэхгүй гэвэл би эмч болохгүй” гээд хөлөө жийгээд суучихсан. Одоо тэгэхээр яах вэ дээ. “Ядрах л байх даа хүү минь. Хэцүү шүү дээ” л гэсэн. Зүтгээд байсан болохоор яах ч аргагүй тасагтаа авч ажиллуулсан. Х.Хусаян одоо бол энэ салбарт 30-аад жил ажилласан туршлагатай эмч болчихлоо доо. Миний захидаг хамгийн гол зүйл бол ямар ч хүн байсан, хэн чиг л байсан өвдөж байгаа хүнд л тусал.
- Таны мэргэжлийг залгамжлаад явж байгаа хүүхдүүддээ юуг хамгийн их чухалчлан захидаг вэ?
- Миний захидаг хамгийн гол зүйл бол ямар ч хүн байсан, хэн чиг л байсан өвдөж байгаа хүнд л тусал. Өөрөө өвдөж байсан ч өвдөж байгаа хүнийг өвчнөөс нь салгахыг гол болго гэдэг юм. “Би амралттай байна гэх мэт элдэв шалтаг байж таарахгүй. Чиний ойр хавьд хүн өвдсөн л байх юм бол заавал түүнд тус бол” гэдэг. Өвдсөн шаналсан хүн бүрт тусалж байх хэрэгтэй. Би одоо 87 нас хүрлээ. Тэтгэврээ тогтоолгоод гэртээ зүгээр сууж л байх нас шүү дээ. Гэтэл одоо хүртэл хүн амьтан утасдаад, заримдаа бүр гэрт ороод ирэх юм. “Би тэтгэвэртээ суусан, үзэж чадахгүй” гэж би хэзээ ч хэлдэггүй.
- Мэдрэлийн мэс заслын эмчийг их хүнд ажил гэлээ. Шантармаар зүйл олон л тохиолдож байсан байх. Тэр үед хэрхэн өөрийгөө зоригжуулж, цааш алхдаг байсан бэ?
- Шантрах юм тохиолдох юм аа, хүү минь. Нэг бодлын Цэргийн сургуульд сурч байсан минь надад түшиг тулгуур болж байсан байх. Яагаад вэ гэвэл ,бид цэргийн сургуульд 14, 15 настай жаахан хүүхдүүд байлаа. Өвлийн хүйтэнд малгайны чих буулгахгүй шүү дээ. Баянзүрхийн гүүр хүртэл буу зэвсэг, хөнжил гудас, хүрз зээтүүгээ үүрээд гүйнэ. Одоогийнхтой адил богино буу байх биш, урт урт винтов буунууд үүрнэ. Ингэж л Офицерын сургуульд хатуужил суусан юм. Нэгэнтээ эмч гээд тангараг өргөсөн байсан болохоор ядрахдаа ядраад, заримдаа больдог ч юм уу гээд бодож байсан удаа бий. Би больчихлоо гэхээр миний гарыг харж байгаа олон хүмүүс бий шүү дээ гэж бодохоор л орхиж чадаагүй дээ. Алтантуяа гээд уран гимнастикаар хичээллэдэг хүүхдэд хагалгаа хийснээс хойш эргээд эмчээр ажиллах сонирхол маань нэмэгдсэн. Савлуураас унаад нуруу нь гэмтэж, нурууных нь хоёр гурван яс нь бутарчихсан байсан. Их хөөрхөн охин байсан юм. Харахаар нулимс урсаад болдоггүй. Би түүнийг үнэн сэтгэлээсээ хайрласан юм. Хүмүүс “Та л нэг юм хийхгүй бол болохгүй нь” гээд байдаг. Гурав дахин хагалгаа хийгээд тэгсээр байгаад гайгүй болгосон. Энэ хагалгааг хийхээс өмнө Налайхын Октябрь гэж хүүхэд хагалгаанд ороод нас барчихсан болохоор ер нь барахгүй юм байна даа гэж бодоод ухралтад орсон байсан юм. Алтантуяад хагалгаа хийгээгүй бол эргэж ажиллахгүй байсан байх. Халшрах тохиолдлууд цөөнгүй байлаа даа.
- Таны таван хүүхдээс нэг нь л эмч үү?
- Нэг нь л их эмч. Хоёр охины маань нэг нь эдийн засагч, нөгөө нь багш. Нэг хүү минь автын инженер. Төмөр замын машинист байсан хүү минь бурхан болсон.
- Ач зээ хэдүүлээ болсон бэ. Та дөчөө үзсэн үү?
- Одоо 30 гараад явчих шиг боллоо. Дөчөө арай үзээгүй байна.
- Та хүүхдүүдээ ямар арга барилаар хүмүүжүүлж байсан бэ?
- Би 25 настайдаа аав болсон. Миний хүүхдийг хүмүүжүүлдэг арга гэхээр өвөрмөц содон юм байхгүй ээ. Хүүхдүүдээ зүгээр л хардаг юм. Заримдаа өхөөрдсөн байдлаар, заримдаа хөмсөг зангидсан байдлаар хардаг байх. Харцаараа хэлдэг гэх үү дээ. Ер нь би хүүхэд загнадаггүй. Хүүхдүүд маань ээжийнхээ хүмүүжлээр хүмүүжсэн байх гэж би боддог юм. Манай гэр бүлийн дотор хэрүүл шуугиан байхгүй. Гэр бүлийн хүн маань олон жил багшийн ажил хийсэн сайн сурган хүмүүжүүлэгч байсан. Тэр минь л хүүхдүүдээ хүмүүжүүлсэн. Би ч яах вэ дээ. “Миний хүү, охин” гээд ховорхон дуугараад л байж байдаг.
- Ер нь та үр хүүхэддээ цаг зав гаргах нь байтугай, гэрийн бараа харах нь их цөөхөн байсан нь уу?
- Цөөхөн цөөхөндөө бүр гэртээ харьж чадахгүй, эмнэлэгт л хонож өнжөөд явж байсан нь олон. Ялангуяа би Хүүхдийн эмнэлэгт эмч байхдаа эмнэлэгт хонож өнждөг байлаа. Тухайн үед хүүхдийн мэс заслын эмч цөөхөн, хоёр гурвуулхнаа байсан.
- Та уулын спортын мастер хүн юм билээ. Бас мотоспорт, волейболын спортоор хичээллэж байсан гэсэн?
- Надад Монголд гараагүй оргил байхгүй. Мөнххайрхан, Сутай, Цагаан дэглий, Отгонтэнгэр хайрханы оргил дээр бүгдэд нь гарсан. 1956 онд анх Алтай Таван богдод Ю.Цэдэнбал даргын тушаалаар нэг орос мэргэжилтэнтэй 11-үүлээ гарсан. Түүнээс хойш Алтай таван богдод дөрөв, таван удаа ч гарсан байх. Уулын спортоор хичээллэж байх хугацаандаа мотоспорт жаахан оролдож байгаад Ховд аймгийн Мөнххайрханы оройд мотоцикльтой гарсан. Дугуйтай авирах ер нь их хэцүү. Сүүлд явган аяллаар хэсэг явсан. Хагийн хар нуур руу одоо ч явбал яваад ирнэ.
- Спортоор хичээллэж байсан учраас та одоо хөнгөн шингэн байгаа байх?
- Спортын нөлөө байлгүй яахав. Спорт оролдохгүй байсан бол би өдий зэрэгтэй байхгүй. Эмчийн ажил маш хүнд. Олон жил, сар наркозтой хагалгаанд зогссон хүн биегүй болчихдог юм.
- Спортын нөлөө ч байсан байх. Гэхдээ та энэ өндөр насанд ануухан сайхан, эрүүл биетэй байна. Та ер нь өөрийнхөө эрүүл мэндэд хэрхэн анхаарал тавьж ирсэн бэ?
- Миний гол эрхэмлэдэг зүйл юм болгоны зангилаа байдаг. Тэр зангилааг л олох хэрэгтэй. Хүний биеийн хувьд ганц хэрэгтэй гол зүйл бол цусан хангамж. Биеийн чинь хаана ч хатгасан цус гарахгүй газар гэж байхгүй. Хоёрдугаарт таны биеийн хаана нь ч зүүгээр хатгасан өвдөхгүй газар гэж байхгүй. Энэ юу гэсэн үг вэ. Мэдрэлийн эсгүй газар байхгүй. Мэдрэлийн эс, цус зай завсаргүйгээр биеийг чинь бүрхэн хучсан байдаг. Энэ бүгдийг сайн ажиллуулж чадахгүйгээс цусан хангамж сайн ажиллахгүй байна. Миний гол амралт бол байгальд амрах. Би улсын амралтад барагтай бол амрахгүй. Очсон газраа хад асга, уул, гол усаар тэнээд явчихдаг. Эргэн тойронд захаас аваад сонирхох зүйл дүүрэн. Түүнийг бид “Мод л байна ургаж л байна, ус л байна урсаж л байна” гэхээс биш сонирхож хардаггүй. Байгалийн сайханд явахдаа заавал сонирхож яв. Би нэг жирийн жишээ хэлье. Би Анагаах ухааны сургуулийн багш нарыг дагуулаад Төгөл гэж амралтын газар руу явсан. Тэнд тахир, муруй зарим мөчир нь хугарчихсан хөгшин хусны эргэн тойронд нь гурав, дөрвөн зулзаган хуснууд байх юм. Тэр хусыг хараад ажиглаад зогсож байтал манай багш нар ирээд “Хайрулла багш нэг юм харчихлаа. Юу байгаа юм, бидэнд хэлээд өгөөч” гэлээ. “Харцгаа та нар. Юу харагдаж байна” гэсэн чинь “Нэг өгөр хөгшин мод, зулзаган хус л байна” гэнэ. “Нээрээ юу ч байхгүй байна уу” гэсэн “Харагдахгүй байна” л гэнэ. “Ээ тэнэгүүд та нарыг сэтгэл зүйч гэж боддог юм. Хайран байна” гээд шарыг нь малтахгүй юу. Улам л хорхойсч байна. Тэгээд би хэллээ. “Хөөрхий дөө, өрөвдөлтэй юм. Өрх тэргүүлсэн эх хүн байна. Хар л даа, энэ хөгшин хус ээж нь, бусад зулзаган модод хүүхдүүд нь. Энэ хэдэн хүүхдийг хүний зэрэгт хүргэх гэж хуруу хумсаа хуйхлаад мөчир холтсоо хуулаад бүр ядарчихсан байгааг хар л даа. Тийм биш байна уу” гэсэн чинь манай нэг залуухан эмэгтэй багш уйлчихлаа. “Хүүе яав” гэсэн “Зүгээр ээ багш аа” л гэж байна. Хоёр сар өнгөрсний дараа уйлдаг багш минь сургууль дээр орж ирлээ. “Багш аа, танд баярласан шүү. Цусны даралт ихтэй нойр хүрч өгдөггүй байсан юм. Таныг тэгж хэлснээс хойш би их ажиглалт хийдэг болсон. Нойр ч хэвийн боллоо. Энэ бол таны ач гавьяа” гэж байна. Тэгэхээр нь “Юу болсон” гэж лавласан чинь “Багш аа, би өрх тэргүүлдэг шүү дээ. Хөгшин, зулзаган хусаар та яг л миний амьдралыг хэлчихсэн. Тэгээд би тэсэхгүй уйлсан. Ой мод, зэрлэг ургамал хүртэл амьдралын төлөө тэмцэж байхад би ч гэсэн юугаараа дутах юм бэ гээд зоригоо чангалсан. Түүнээс болоод нойр хүрээд даралт ихсэхээ больж, сайхан болсон” гэсэн. Энэ бол миний гавьяа биш шүү дээ. Байгалиа л сонирхож чаддагт л нууц нь оршиж байна.
- Стрессийн тухай их багагүй ярих болжээ. Өлгийтэй хүүхдээс бусад нь л ярьж хэлж байх шиг байна. Тархийг ер нь хэрхэн амраах ёстой байдаг вэ. Хийж байгаа ажлаа солиод үзэхэд гэмгүй гэх юм?
- Яаж тархиа амраах вэ гэхээр өөр өөрийнхөө тархиа амраах аргаа л ол. Би байгальд аялж алжаалаа тайлах дуртай. Ажил солихдоо гол нь биш. Сольсон ажил нь чамд жаргал нэмж өгч чадаж байна уу, үгүй юу гэдэгт л байгаа юм. Гурван хэцүү өвчин бий. Нэгдүгээрт хорт хавдар. Заавал хагалгаа хийлгэх шаардлагатай. Хоёрдугаарт халдварт өвчин. Эмчилгээ хийлгэхгүй бол засрахгүй. Гуравдугаарт, гэмтэл согог буюу хагарч, хугарсан тохиолдол. Бусад өвчин болох нуруу, толгой өвдөх, нойр хулжих, даралт ихсэх гэх мэт зүйл бүгдээрээ өөрсөдтэй чинь холбоотой гэж хэлье.
- Та 21 аймгийн бүх суманд очсон гэдэг. Очоогүй үлдсэн сум бий юү?
- Миний очоогүй газар байхгүй л дээ. Огт очоогүй 5-6 сум л байгаа байх. Зарим аймагт 20-30 удаа очсон байдаг юм. Намайг эмч болж байхад зарим аймаг ганцхан эмчтэй, зарим нь эмчгүй байлаа. Нэг аймаг руу дуудлагад яваад ирэхэд дараагийн аймгаас дуудлага ирсэн байдаг. Миний хэдэн шавь аймаг орон нутагт ажилладаг болсноос хойш хөдөө очихоор “Багш хүрээд ирлээ. Багш аа, та хаагуур явах вэ, юу үзэж сонирхох вэ” гээд л гүйгээд байдаг болсон байна.
- Таны Ж.Хайрулла гэдэг нэрийн өмнө ардын эмч, хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт гээд уртаас урт алдар бичигддэг. Алдар нэртэй, цуутай хүмүүсийг сайхан гэж түүний төлөө хүмүүс хошуурдаг ч энэ нэрийг дааж явна гэдэг магадгүй түүнээсээ илүү хүнд ачаа болдог талаар хүмүүсээс сонсож байлаа?
- Эрүүлийг хамгаалахын тэргүүний сайчуул гэсэн тэмдэг миний хамгийн анхны шагнал. Түүнээс хойш бүх одонг хүртсэн. Хамгийн сүүлд Хөдөлмөрийн баатар болсон. Шинжлэх ухааны хувьд академич боллоо. Аль алиныг нь дуудуулаад сонсоод сууж байхад үнэхээр сайхан. Нэг хүнээс биш түмэн олон, ард түмнээс өгч байгаа шагнал учраас өндөр сэтгэлээр хүлээж аваад баярлах л хэрэгтэй. Гэхдээ цаашдынхаа ажилд би юу хийх ёстой вэ, яах ёстой вэ гэхээсээ илүүтэй оготно идээд цадсан муур шиг байх ёстой юу гэдгийг бодох л хэрэгтэй. Эрүүл саруул ухаантай хүн бүр заавал юм бодох хэрэгтэй. Хөгжмийн зохиолч, хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав гуай бид сайн найзууд байлаа. Д.Лувсаншарав багш “Хайрулла чамаас өөр бүх шагналыг авсан хүн байгаа юм уу. Би бодоод байсан чи надаас нэг шагнал илүү авчихжээ” гэж байсан юм. Түүнээс “Та ч мөн төрийн бүхий л шагнал цолыг хүртсэн хүн. Та юу гэж боддог вэ” гэхэд “Үхэн үхтэлээ зүтгэх л хэрэгтэй юм. Өөр юу ч хэрэггүй. Түүнийг л бодох юм даа” гэж байсан юм. Д.Лувсаншарав гуайн хэлсэн үг үнэхээр үнэн. Энэ олон шагнал өгдгийн учир юу вэ. Нэг талаар надад шагнал өгч байгаа боловч, нөгөө талдаа их том хариуцлага ногдуулж байгаа хэрэг.
- Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртсэн цөөхөн хэдэн хүний нэг нь та. Ер нь хүнд хөдөлмөр хүнд юу өгдөг юм бэ. Хөдөлмөрч зан чанарыг та туулсан замналаараа одоо ч өөрийн биеэрээ үлгэрлэн харуулж байна?
- Би өвчтөн үзэхдээ хаалгаар орж ирж байгаа хүнийг заавал хардаг. Харахгүй байсан тохиолдол надад байхгүй. Миний зарим шавь өвчтөн орж ирэхэд юмаа бичээд л суугаад байдаг. Юмаа бичсэн тэр чигээрээ л өвчтөнөө харах ч үгүй “Суу” гээд бичиж дуусчихаад нөгөө хүн рүүгээ хардаг. Миний ганц дургүй зүйл тэр л дээ. Тэр хүн эмчид орж ирэхдээ юу горьдож орж ирж байна вэ гэвэл сайхан сэтгэл, сайхан санаа горьдож ирж байгаа юм. Сайхан сэтгэл, сайхан санааны цаана аврал байгаа гэсэн үг. Би өвчтөнөө үзэхдээ дал мөрөн дээр нь гараа тавьж байгаад итгэл өгсөн харцаар түүнийг үздэг. Энэ хөдөлмөр мөн үү мөн. Эмч бүр энэ хөдөлмөрийг өөрөөр, яаж ч хийж болно. Гэхдээ хөдөлмөр хийхдээ дандаа гэгээн сайхныг дагуулж, чин сэтгэлээрээ хийх хэрэгтэй. Хэрвээ чи үргэлж сайхнаар, чин сэтгэлээсээ хөдөлмөр хийх юм бол чамд сайн сайхан зүйл л авчирна.
- Таны амьдралдаа мөрдлөг болгодог ямар үг байдаг вэ?
- “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг мянга захисан ч илүүдэхгүй дээ.
- Үүнийг л дутуу хийлээ дээ гэж танд бодож явдаг зүйл байдаг болов уу?
- Дутуу хийсэн зүйл байлгүй яахав. Яасан ч том асуулт надаас асуух юм, бурхан минь. Зөвлөлт Казахстаны философич Абай гэж хүний хэлсэн үг байдаг юм. “Гараа даанчиг орой хөдөлгөж дээ” гэж. Их оройтсоноо л ингэж хэлж. Миний хувьд оройтсон зүйл маш их бий. Би баян хуур хөгжим муухан барина. Биллъярд тоглочихно. Ганц нэг шүлэг бичнэ. Хэрвээ би уран зохиол оролдоод явсан бол өдийд хэрдээ овоо юм биччих байсан болов уу гэж заримдаа бодох юм. Дутуу зүйлүүд зөндөө. Би хоёр гурван улсын хэл дутуу хагас мэднэ. Долоо найман улсын хэлийг мэддэг байсан бол хэчнээн сайхан байх вэ дээ. Тэгэхээр надад дутуу зүйл зөндөө байна л даа.
- Эмч хүнд байх ёстой эрхэм чанарыг та юу гэж хэлэх вэ?
- Миний хариулах дуртай асуулт байна. Эмч хүн эх хүн шиг л байгаасай билээ. Дагестаны суу билигт яруу найрагч Расул Гамзатов “Эмэгтэй хүн гэдэг бол эх хүн. Эх хүний сэтгэл нарны гэрлээр бий болжээ. Эх хүний сүү сарны туяагаар бий болжээ. Та минь ээ эхчүүдийг хүндэл” гэж хэлсэн байдаг. Жаахан өргөсгөөд ухаад ойлговол нарны гэрлээр бий болсон сэтгэлтэй, сарны туяагаар бий болсон эх хүн бол хорвоо юм. Нар сар байхгүй бол хорвоо байх уу. Нарны гэрлээр бий болсон сэтгэлтэй, сарны гэрлээр бий болсон сүүтэй эх хүн байхгүй бол хорвоо байх уу. Байхгүй шүү дээ. Тэгэхээр эх хүн хорвоог тэтгэгч, хамгийн үнэтэй хүмүүс байдаг юм. Эх хүн шиг нинжин сэтгэл гаргавал эмч хүн жинхэнэ утгаараа эмч хүн болжээ гэсэн үг.
- Тархи гэдэг эрхтэнтэй олон жил “нөхөрлөсний” хувьд та тархийг юу гэж тодорхойлох вэ?
- Дуртай ч бай, дургүй ч бай тархи юм болгоны эзэн, түшиг тулгуур. Тоглоом тохуугаар нэгэн рүүгээ далайхад толгойгоо л хамгаалдаг, хайрладаг шүү дээ. Хүний хамгийн үнэтэй сайхан зүйл бол хүний толгой, тархи юм. Муу юм хэллээ гэхэд тархиар дамжина, сайн зүйл сонслоо гэхэд тархиар дамжина. Муухай зүйл харвал бас л тархиар дамжуулан ойлгоно. Тархи оролцохгүй зүйл гэж нэг ч байхгүй. Тархитай л амьтан юм бол хүнд тархи хамгийн үнэтэй, чухал эрхтэн гэдэг нь тодорхой. Нэгнээ хайрлаж л байгаа бол чин үнэнчээр л хайрладаг байх хэрэгтэй.
- Хүний амьдралын утга учрын талаарх бидний бодол, ойлголт, төсөөлөл заримдаа хувьсаж өөрчлөгддөг. Энэ насны өндөрлөгөөс харахад хүний амьдралын утга учир юунд оршдог гэж та бодож байна вэ?
- Нэг үгээр хэлэхэд их хэцүү л дээ. Хүн болж төрснийхөө хувьд үүргээ л биелүүлэх хэрэгтэй. Утга учир нь тэр. Би ийм нэг үгийг хэлэх дуртай. Бас л нэг том хүний хэлсэн үг. “Та өөрийгөө хорвоогийн тал хагас тоосго гэж бод. Хаа нэг баригдаж байгаа барилгын өнцөг булан бүрт тал тоосгоны зай цоорхой байж байвал түүнийг бөглөж чадвал та хүн болж төрснийхөө үүргийг биелүүлж байгаа чинь тэр юм” гэж. Би энэ үгийг ёсчлон дагадаггүй л дээ. Миний хувьд хүн болж төрснийхөө үүргийг л биелүүлэхэд амьдралын утга учир оршино гэж бодож байна. Үүрэг гэдэгт нэлээд юм орно. Миний үргэлж хэлдэг нэг үг бол “Та өөрөө өөрийгөө захирч чадвал хүн болж төрсний чинь гавьяа тэр” гэсэн үг юм. Өөрөө өөрийгөө захирч чадахгүй бол юуных нь гавьяа байх вэ. Зүгээр нэг тоосго болж өрөгдөх төдий биш үүргээ гүйцэтгэх ухаарах хэрэгтэй. Үүрэгтэй хүн байх хэрэгтэй. Миний бодлоор бол хүн болж төрсний гавьяа тэр юм.
- Та эрүүл мэндийн салбарын талаар болоод өнөөгийн нийгмийн талаар бухимдалтай байгаагаа өмнө нь хэлж байсан. Эрүүл мэндийн салбарын талаар бүр ч илүү бухимдаж байгаагаа хэлдэг. Эрүүл мэндийн үрийг Монголд анхлан тарьж байсан хүний хувьд энэ салбар юу нь болохгүй бүтэхгүй байна вэ?
- Монголчууд 1924 онд анх эмнэлгийн тусламж авч байсан. Энэ үеэс хойш 90 гаруй жил эмнэлгийн байгууллага оршин тогтнож байхад эмч, эмнэлгийн ажил гэдгийг ойлгодог хүн ховор болчихож. Эмч нарыг үсчинтэй адилхан үздэг болж. Хөгжингүй орнуудад уураг тархины мэс засал хийхэд 300-1800 ам.долларын төлбөртэй. Эмч сувилагчийн ажлын өдөр зургаан цаг, жилд 60 хоногийн амралттай. Гэтэл 90 жилийн өмнөх эмч нарын цалин одоогийн эмч нарын цалин яг адилхан байна. Өөрөөр хэлбэл, Павел Николаевич Шастин 1924 онд тууралт гарсан хүнийг спирт, иодоор цэвэрлэхэд авч байсан цалин, одоо хагалгаа хийж байгаа эмч нар яг л адилхан цалин авч байна. Эмч нарын цалинг зааг ялгаатай олгох хэрэгтэй байна. Төр засаг нь үүнийг ойлгохгүй юм. Эмнэлгийн тоог олон болгох хэрэгтэй байна. Эмч сувилагч, эмнэлгийн ачаалал нь хэд дахин нэмэгдсэн байна. Монголын эрүүлийг хамгаалах ажилчдын ухаан ухамсарт хувьсгал хийх цаг болсон. 60 жилийн өмнө эмч нар ямар байлаа. Техник төхөөрөмж огт байгаагүй. Нүдээрээ харж, гараараа тэмтэрч оношилж, өвчтөнтэйгээ тулж харьцдаг байлаа. Гэтэл өнөөдрийн эмч нар техник хараад суудаг болохоос биш сэтгэл гаргадаг эмч нар алга. Эмч нар өөрсдөө үүнд буруутай. Эмч нарын ийм байгаад нийгэм ч буруутай. Эмчийн ёс зүй гэж байхгүй болсон. Үүнийг хэн засч залруулах юм. Төр засаг л эргүүлэх ёстой. Улаанбаатар хотод эрүүл мэндийн чиглэлээр зургаан дээд сургууль байна. Элсэлт, сургалт, явцыг нь сайжруулах хэрэгтэй байна. Хувийн дээд сургуулиуд элсүүлээд л байна, элсүүлээд л байна. Тэдэнд мөнгө л хэрэгтэй. Ажлын байртай болох үгүй нь огт хамаагүй. Дээрээс нь халад нөмөрч үзээгүй хүнийг сайд болгосон тохиолдол гарч байсан. Сайдын томилгооноос эхлээд эмнэлгийн дарга нарыг ч гэсэн эрүүлийг хамгаалах ажилтнуудын сонгуулиар хийх хэрэгтэй байна. Төгсгөлд нь хэлэхэд, бид хүний мөс жудаг гэдгийг хөл дороо гишгэлээд хаялаа. Хүний мөсийг мөнгөөр худалдаж байна. Монгол хүн мөнгөний хүн болчихлоо. Үүнийг болиоч гэж гуймаар байна. Хүний хүнлэг чанарыг өндөрт өргөмөөр байна. Эх оронч хүнийг бий болгомоор байна. Бид нэг нэгнээ хайрлаж л байгаа бол бол худлаа хайраар биш чин үнэнчээр л хайрладаг байх хэрэгтэй. Худал сайхан үгээр биш жинхэнэ чанараараа хайрладаг байх хэрэгтэй.
Эх сурвалж: 2017.08.23 | iToim.mn