Монголын мэс засалч нарын холбооны XIV чуулган "Дурангийн мэс заслын өнөөгийн ололт, чиг хандлага, аюулгүй байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна
Өнөөдөр Монголын мэс засалч нарын холбооны 14 дүгээр чуулган "ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН ӨНӨӨГИЙН ОЛОЛТ, ЧИГ ХАНДЛАГА, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” нэрийн дор зохион байгуулагдаж байна. Чуулганы нээлтэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, МУ-ын Хүний гавъяат эмч Б.Бейсен, МУ-н хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав, ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох болон бусад албаныхан оролцлоо.
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн нийт 200 гаруй мэс заслын эмч нар оролцож, өөрсдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, шинэ технологи тэр дундаа бага хөнөөлт мэс засал болох дурангийн мэс засал, дэлхийн мэс заслын чиг хандлагын талаар зөвлөлдөж байна.
Чуулганыг нээж Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, академич Н.Баасанжав хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд дурангийн мэс засал манай улсад олон улсын түвшинд хүрэхүйц хэмжээнд хөгжсөн. Монголд хийгдэж байгаа мэс заслын 40 орчим хувийг дурангийн мэс заслын аргаар хийж байна. Дурангийн мэс заслын хамгийн том давуу тал нь өвчтөнд үүсэх хүндрэл болон техник ажиллагаа багатайгаас гадна эрхтэн системийг бага гэмтээдэг давуу талтай. Өнөөдрийн хурлаар бид дурангийн мэс заслыг нийслэл, орон нутгийн бүх мэс заслын эмч нар эзэмшиж, үйлчилгээнд нэвтрүүлэх асуудлыг түлхүү тавьж байна.” гэдгийг онцоллоо.
Энэ үеэр 22 илтгэл тавигдах бөгөөд шилдэг аман илтгэл, шилдэг ханан илтгэл, шилдэг тохиолдлын танилцуулга болон шилдэг мэс засалч, шилдэг залуу мэс засалч эмч нарыг тодруулах юм.
Эрүүл мэндийн салбарт сүүлийн 12 жилд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалтыг хоёр жилийн хугацаанд хийсэн бөгөөд 2021-2022 онд Засгийн газар болон ЭМЯ-наас 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн 15 аймагт урологийн дуранг суурилуулан, найман төрлийн мэс засал, дөрвөн төрлийн оношилгоог хийж эхэлсэн. Үүнээс гадна зөвхөн нийслэлд хийддэг байсан судсан дотуурх мэс заслын эмчилгээг зургаан аймагт хийдэг боллоо.
Мөн хавдрын мэс заслыг зөвхөн ХСҮТ-д хийх биш төр, болон хувийн хэвшлийн эмнэлгүүдээс гадна орон нутгийн эмнэлгүүд хийж эхэлсэн ба лавлагаа шатлалын болон орон нутгийн 6 эмнэлгийг тус бүр нь 350 орчим сая төгрөгийн хавдрын мэс заслын үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангаад байна.
Монголын Мэс заслын эмч нарын холбоо нь 1998 онд Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж, 2016 оноос Монголын Мэс засалч эмч нарын холбоо гэсэн нэртэйгээр ажиллаж байна. Тус холбоо нь бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа салбар бүрийн мэс заслын эмч нарын хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, нэгтгэн хамруулахын төлөө ажиллаж байна.
Эх сурвалж: 2022.10.22 | Moh.gov.mn