card

Н.ЕСЕЙ: Би амьдралынхаа 35 жилийг Мэс заслын тасагт өнгөрүүлсэн

Хөдөлмөрийн баатар цол авсных нь маргааш (аравдугаар сарын 6) Ныгметийн Есей гуайг зорьж очлоо. Шинэхэн баатар эмч маань “Цагдаа” хотхон дахь хүүгийндээ буужээ. Түүний болон Өлгийгөөс хамт ирсэн охиных нь утас тасралтгүй хангинаж, баярын мэндчилгээнд булуулсаар авай. Буурал эмчийн яриа бал бурам мэт амттай байлаа.

- Сайхан намаржиж байна уу Та. Хэзээ ирэв. Өлгий нутгаар сонин сайхан юутай вэ?

- Арваад хоногийн өмнө энэ намрын анхны цас Буянт сумд орлоо. Хэд хоног сэрүүвтэр байсан ч эргээд дулаарсан. Хур бороо элбэг, газар дэлхий шимээ өгсөн сайхан зун өнгөрлөө. Нар, хур тэгшрээд ирэхээр мал ногоонд эрт цадаж, хүн ардын минь сэтгэл тэнийсэн. Өлгийнхөн дор бүрнээ хүнсний ногоогоо тарьж, даршилж хадгалдаг, ажилсаг түмэн. Ажил албаныхаа хажуугаар амьдрал ахуйгаа төвхнүүлээд сайхан аж төрж байна. Баян-Өлгийд налгар сайхан намар үргэлжилж, хүн зон амгалан сайхан байна даа, хүүхдүүд минь.

- Хөдөлмөрийн баатар болсноо хэрхэн мэдэв?

- Уржигдар гэнэтхэн утсаар мэдэгдсэн. Нислэгийн хуваарь таараагүй тул хоёр хоног машинаар давхисаар өчигдөр өглөө (аравдугаар сарын 5) ирсэн. Эрүүл мэндийн салбарт 42 жил ажиллалаа. Үүнээс 35 жилийг нь Мэс заслын тасагт өнгөрүүлжээ. Миний хийсэн ажил бүтээлийг үнэлж, өндөр дээд шагнал өгсөн төр, засагтаа баярлахын дээдээр баярлаж сууна. Ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, мэргэжилдээ шунан дурлаж, мэддэг чаддагаа зориулж ирсэн он жилүүд минь намайг амжилт руу ийн хөтөлсөн биз ээ.

- Бага нас, ээж, аавынхаа тухай ярьж өгөхгүй юү. Хурдан морь унадаг хүүхэд байсан гэдгийг тань мэдлээ.

-Малчин аавын хүү билээ, би. Сайхан малтай байсан. Ах, дүү наймуулаа хонь хяргаж, өвс хадаж, хурга, ишиг хариулж, адууны захад өссөн. Аав маань багийн дарга хийж байгаад адуучин болж, морин дэлэн дээр амьдралаа өнгөрүүлсэн хүн. Манайх гүү барьж, хурдан морь уядаг байв. Тиймээс би ердийн үед жороо, баяр наадмаар хурдан морь унадаг хүүхэд байлаа. Зургаан настайгаасаа л хурдны морьдтой нөхөрлөсөн. Нэг баяраар хоёр ч насны морь унаж уралдана. Хонгоо холготол давхиж, айраг, түрүү аль алиныг нь хүртэж явсан. Манайх тэр үеийн Цагааннуур, одоогийн Бугат сумд нутагладаг байв.

- Та 70 насыг хэдийн зооглосон атлаа өтөл харагдахгүй л байна. Ажлаа хийгээд гялалзуулаад явахаар хөгширдөггүй юм болов уу?

-Би зүгээр суудаггүй хүн. Одоо ч аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт чадах чинээгээрээ нэмэр болж, ажилласаар л байна. Шаардлагатай бол хөдөө ч дуудлагад явдаг. Мэс заслын хувийн эмнэлгүүдэд бас ажиллана. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард “Нур-Алтай” эмнэлгийнхэнтэй хамтарч бөөр нь усжсан, хатсан хоёр хүнд хагалгаа хийлээ. Нас дээр гарсан тул тэр бүр хагалгаа хийхээ больсон. Гэхдээ гарцаагүй тулсан мэс засалд оролцдог. Хувиараа хэт авиа оношилгоо хийдэг тул ажил барагдахгүй ээ. Аймгийнхаа 12 сумыг жилдээ лавтай хоёр бүтэн тойрчихож байгаа юм. Зарим үед алслагдсан сумд очиж, яаралтай хагалгаанд орох нь ч бий. Энгийн үед Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгаа байнга эргэж тойрон, зөвлөгөө өгөөд гардаг. Нийслэлд ирэхийн өмнөхөн Гавьяат эмч Р.Жүнисийн урилгаар аймгийнхаа хамгийн хол сум болох Дэлүүн, Булганд гурав хоног ажилласан.

- Тэтгэвэртээ хэзээ гарсан бэ?

- 2010 онд 60 нас хүрээд тэтгэврээ тогтоолгосон. Эмнэлгийн удирдлага, тасгийнхандаа “Явъя даа” гэж хэлтэл хамт олон минь “Юу гэж таныг явуулах вэ. Мэс заслын тасгийг авч явж байгаа ганц хүнээ үлдээнэ” гэсэн. Тэгээд мэддэг, чаддагаараа зөвлөөд дэмнээд аж төрж л байна даа.

- Баян-Өлгийд хүн амын дундах өвчлөл ямархуу байна вэ?

- Манай аймагт өвчлөл харьцангуй гайгүй. Агаар, усныхаа сайхандаа юм уу өвчлөл бага. Халдварт өвчний дэгдэлт дунджаас бага.

- Орон нутгийн олонх эмч эрсдэл гаргахаас эмээж, гуравдугаар шатлалын эмнэлгүүд рүү өвчтөнөө “хөөдөг”. Та өвчтөнүүдээ хот хүрээ явуулалгүй, аймагтаа эмчилж, хүнд хэцүү хагалгааг ч бие дааж хийдэг гэсэн. Их л зоригтой хүн юм даа гэж өөрийн эрхгүй бодогдсон.

- 1983 онд мэс заслын курст суралцсан. Тэр үед биднийг хотын том эмнэлгүүдэд томилж, дадлагажуулдаг байв. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын эмч Ц.Бундан гэж мундаг хүнийг дагалдан сурсан. Тэгээд нэг өдөр зориглож зүрхний мэс заслыг орон нутагт хийж болох уу гэж багшаасаа асуулаа. Орон нутгийнхан чинь зөвшөөрвөл бид дэмжиж, хамтарч ажиллаж болно шүү дээ гээд баяртайгаар хүлээн авсан. Аймгийнхаа иргэдэд мэс засал хийх санаа ажил хэрэг болох эхлэл нь анх ингэж тавигдсан. Би Баян-Өлгийн тэр үеийн Эрүүл мэндийн газрын даргатай ярилцаж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэс заслын тасагтай шефийн харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүлж, их зүйл сурсан. 1984 оны намраас аймагтаа зүрх судасны мэс засал хийж эхэлсэн. Өвчтөнөө унтуулчихаад мөсөөр битүү хучиж, биеийнх нь температурыг 27 хэм хүртэл буулгаж байгаад цээжийг нь нээж, зүрхний хагалгаа хийж байсан түүхтэй. Тэр намар таван хүнд зүрхний төрөлхийн болон олдмол гажиг засах мэс заслыг төвийн эмч нарын дэмжлэгтэй хийсэн. Монгол Улсын хэмжээнд аймагт хийсэн зүрхний анхны мэс засал тэр болов уу. Говь-Алтай аймагт нэг удаа хийж байсан гэж дуулдсан. Тухайн үед өөр тохиолдол байхгүй байсан биз ээ. 1986, 1988 онд бие дааж арван хүнд мэс засал хийсэн. Тэр үеэс аймгийнхаа эмнэлэгт хэвлийн хөндийн мэс заслыг хөгжүүлсэн. Тухайн үед нарийн мэргэжлийн эмч нартай хамтраад 36 мэс засал хийлээ. Тэднээс суралцаж, мэргэшин, өөрийгөө хэр чадлаараа боловсруулсан.

- Тэгэхээр зүрх, судасны мэс заслаар мэргэшсэн хүн байх нь.

- Чи мэс заслын эмч л юм бол бүгдэд нь суралцах ёстой гэж өөртөө хэлсэн. Олгой авахаас өгсүүлээд тархины, зүрх, судасны, элэгний, цөсний, ходоод гэдэсний, ясны, бөөрний гээд бүх төрлийн мэс заслыг хийх зах зухтай. Нийслэлээс эмч нарыг урин Баян-Өлгийд ажиллуулж, тэднээсээ их зүйл сурсан. Эмч нарыг буцсан хойно нь эргээд холбоо барин байнга зөвлөгөө авдаг байв. Дараа нь бамбай, түрүү булчирхайн хагалгаа хийж сурсан. Ерөнхийдөө бүх төрлийн мэс заслыг орон нутагтаа хийсэн дээ.

- Орон нутагт гэнэтийн осол их гарна биз. Яг тийм тохиолдлоор олон удаа мэс засал хийсэн үү?

- 1996 онд биедээ олон удаа хутгалуулсан хоёр хүн ирсэн. Эрэгтэй нь 16, эмэгтэй нь 14 удаа хутгалуулсан байв. Эрэгтэйн зүрхэнд хутга нэвт орсон, хүнд шархтай. Эргэлзээгүйгээр тэр хүний цээжийг шууд нээж, зүрхэнд нь оёдол тавьсан. Цус нь олгойдож нүүр, нүд гэлтгүй, таазанд хүрсэн байж билээ. Ингэж тэр хоёр хүний амийг аварсан. Нийтдээ 38 000 орчим хагалгаа хийжээ. Хийгээгүй мэс засал үндсэндээ үлдээгүй шахам даа. “Универсал трактор” гэдэг шиг орон нутагт бүгдийг чадахаараа хийлээ. Өвчтөнийг тээвэрлэж болохгүй, цус их алдсан гээд л сум руу дуудна. Түргэн авч, очоод л тэнд нь мэс засал хийнэ. Нойрсуулах болон цус сэлбэх эмчтэйгээ хамт хагалгаа хийдэг. Хөдөөнийхөн морь, малнаас унаад тархи, толгойгоо хагалж, нуруу, нугасаа гэмтээгээд ирнэ. Орон нутагт гэмтлийн эмчгүй тул өөрсдөө л эмчилнэ шүү дээ. Миний үед аймагт хэт авиан оношилгооны эмч байсангүй. Тиймээс 1989 онд энэ чиглэлээр сурч, аймгийнхаа хэт авиан оношилгооны анхны эмч болсон. Одоо цаг сайхан болж, орон нутагт төрөл бүрээр мэргэшсэн эмч нар ажиллаж байна.

- Хүнд мэс заслын үед эмнэлгийн гадна цугларсан төрөл төрөгсдөөс нь янз бүрийн ааш авир гаргадаг байх. Тэр үед та ар гэрийнхэнтэй нь хэрхэн харилцдаг вэ?

- Би уурлаж чаддаггүй хүн. Уурлахаараа надаас үг битгий хэл, авиа гарахгүй, боогдчихдог. Баргийн асуудалд тайван ханддаг. Эмчлүүлэгчидтэй дотно ярилцах хэрэгтэй. Хүнд хүрч үйлчлэх, тэднийг энэрэх шиг сайхан зүйл үгүй. Энэ бол хорвоогийн нэг жаргал юм. Тиймээс өвчтөнөө эмчилж, үр дүн гаргаж, эдгээхээс гадна, хайраар зөөллөж, аргадаж, ярилцах нь их чухал. Би сайн бодож, боловсруулсны үндсэн дээр эмчилгээгээ хийсэн шиг хийхээр чармайдаг.

- Анагаахын эрдмийг хаана сурав?

- 1972 онд Улаанбаатарт Анагаах ухааны дунд сургуульд элсэн, дөрвөн жил суралцсан. Төгсөөд Эрүүлийг хамгаалах газарт боловсон хүчин, дараа нь Улаан загалмайн нийгэмлэгт орлогч дарга хийж байгаад 1977 онд Анагаахын дээд сургуульд элсэж, зургаан жил сурсан. Нийтдээ 10 жил сурсан. Тухайн үед Монголын анагаах ухааны сургуулийн сургалтын чанар сайн, багш нар үнэхээр чадварлаг байсан. Хичээлээ заана, хүнээ эмчилнэ. Эрдэм чадалтай олон ч багш нарыг нэрлэх байна. Мэс заслын багш гэхэд П.Долгор, Б.Гоош, Д.Даваасүрэн байна. Эмч нараас Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Г.Нямхүү, А.Отгондалай, гэмтлийн Г.Дэмид гээд олон сайхан хүнтэй нөхөрлөж, эрдэм мэдлэгээс нь суралцаж явлаа.

- Үр хүүхдүүд төдийгүй ах, хамаатан садан дунд тань ч эмч олон юм. Танайхан ер нь эмчийн даллагатай юм биш үү?

- Удам дамжсан олон эмч бий. Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, нэртэй мэс засалч Ж.Хайруллагаас авхуулаад түүний үр хүүхэд бий. Тэд нуруу, нугасны эмч нар. Бас хүүхдийн сайн сайн эмч нартай. Нүдний болон эмэгтэйчүүдийн эмч гээд дурдаад байвал олон. Бид их олуулаа эмчийн мэргэжилд дурласан. Охин минь бага эмч болсон. Бэр минь уламжлалт анагаах ухааны эмч. Намайг эмч бол гэж хэн нэгэн шахаагүй. Хими, физикийн хичээлдээ сайн болохоороо энэ мэргэжлээ сонгосон. Хамгийн гол нь багад тохиолдсон нэг явдлаас хойш эмч болохоор шулуудсан.

- Тэр түүхээсээ хуваалцаач?

- Дунд сургуульд байхад өвдөг минь айхавтар өвдсөн юм. Тэгээд эмээтэйгээ эмнэлэгт үзүүллээ. Өрөөнд ороход эмэгтэй эмч байв. Түүнд үзүүлж, зөвлөгөө авч, эм бичүүлэв. Ингээд нэг хоёр хоноход доголсон хөл өвчингүй болж эдгэсэн. Тоглоод гүйхэд асуудалгүй болсон. Ингээд л эмч гэдэг ямар гайхалтай мэргэжил вэ гэж бодсон. Гүн сэтгэгдэл төрж, эмч нарт хайртай болсон юм.

- Охин тань “Ээж минь багад өнгөрсөн. Аав ганцаараа бидний хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэсэн” гэж ярилаа. Их ажлын хажуугаар ар гэртээ зарцуулах цаг гаргана гэдэг хэцүү байв уу?

- 1996 онд хөгшин минь өөд болсон. Би хамаг цагаа хүн эмчлэхэд зориулж ирсэн. Хүүхдүүд минь аясаараа өссөн. Жанжин шугамаа зөв барьж явахыг л тэдэндээ захидаг. Том хүү маань цагдаагийн байгууллагад ажилладаг, дэд хурандаа цолтой. Удаах нь хамгаалалтын албаны даргын ажил эрхэлдэг. Гурав дахь нь нийслэлд хуульчаар ажилладаг. Бага охин аймгийн Нэгдсэн эмнэлэгт бага эмч хийдэг.

- Та хаана төрсөн бэ?

- Би Налайхад төрсөн, Баян-Өлгийд өсөж өндийсөн. Налайхаас нэг ойтойдоо гарсан. Ийш тийш явахдаа Налайхаар дайрч, төрсөн бууцандаа хөрвөөдөг.

- Бүргэдээр ан хийж үзсэн үү?

- Аав анд сонирхолтой. Бүргэдийг багаас нь гаршуулж, түүгээрээ ан хийхэд нь би хамт явдаг байв. Өвөл үнэг үргээхээр явахад нь дагана. Өвөл хад хавцлаар явах учраас чадалтай сайн морьд унана шүү дээ. Ууланд явах сайхан. Тулам булаацалдах, морь уралдуулах, бөх барилдах их дуртай. Багадаа хүүхэд унагаж базаагаагүй ч ноцолдож л явлаа.

- Мэс заслын тасагт амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлжээ, Та. Хамт олондоо хэр их шаардлага тавьдаг вэ?

- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийг олон жил удирдсан, дараа нь зөвлөх эмч хийлээ. Залуусыг хөдөлгөж л байвал юм сурдаг. Тэдэнд өндөр шаардлага тавина. Тиймдээ ч тэргүүний тасгаар олон жил шалгарсан. Миний үед орон нутагт зурагт их ховор. Зурагтаар их шагнуулдаг байв. “Рекорд”-оос авхуулаад өнгөт зурагтаар ч шагнуулсан. Сүүлдээ том шкафаар шагнаад эхэлсэн. Шагналаараа Мэс заслын тасгаа хэрдээ сайхан тохижуулж л явлаа. 1990-ээд онд манайхан Казахстан руу их нүүсэн. Тэр үед эмнэлэгтээ гэмтлийн эмчтэйгээ хоёулхнаа үлдсэн. Тасагтаа ганцаархнаа шахам ажиллаж байв. Эмч нар ч амьдрал хөөгөөд Казахстан руу явсан. Аймгийн удирдлага эмч нарыг явахыг хориглосон ч яаж ийгээд явчихсан даа. Тухайн үед ачаалал ихтэй ч байв. Тиймээс шинээр төгссөн эмч нарыг ажилд авч дадлагажууллаа. Мэргэжлийн ямар ч сургалтад хамрагдаагүй, туршлага багатай тэднийг өөрөө сургасан. Одоо сайн эмч нар болсон. Б.Бейсенээс авхуулаад эхнээсээ Гавьяат эмч боллоо. Одоо Б.Бейсен УИХ-д сонгогчдоо төлөөлөн ажиллаж байна. Тухайн жилүүдэд залуучуудыг их шахаж ажилласан. Мэс засал заавал хийж сур. Боловсор, мэдлэгээ тэл гэж шаардана. Эмч болгон адилгүй. Зарим хагалгаанд орохгүй хойш суух гэнэ. Гэдэсний хагалгаа өтгөн, шингэнтэй холилдоод ямар сайн байх вэ. Мэс засал хийхгүй гэж шууд хэлэхгүй ч хандлага, байгаа байдал нь мэдрэгддэг юм. Ясны хагалгаа үнэр танаргүй цэвэрт орно. Тийм хагалгаанд орох хүсэлтэй цэмцгэр эмч нар байдаг.

- Чадварлаг эмчийг энэ тэндээс урих юм уу?

- Ховд аймагт баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв байгуулахад ажлын санал ирж байсан. Аймгийн дарга ч, эмнэлгийн захирал нь ч удаа дараа хүсэлт ирүүлсэн. Мэс заслын болон хэт авиа оношилгооны эмчээр ажиллаач гэсэн юм. “Байр өгье. Хүүхдүүдийг чинь сургуульд суралцахад дэмжлэг үзүүлье” хэмээсэн ч би нутагтаа үлдсэн.

- Залуустаа захих үгийг тань сониноороо уламжилъя?

-Тэд юм болгоныг мэддэг, чаддаг гэж боддог бололтой юм. Нийгэм хөгжөөд, мэдээлэл авдаг суваг нь олшроод аргагүй биз. Мэдэх, чадах зүйлд хязгаар үгүй л дээ. Гол нь мэддэг зүйлээ ярих биш, хийдэг байвал зүгээр. Залуу үеийнхэн үүнийг бодож ажиллаасай. Ном үзсэнээ мэддэг гэж андуурч болохгүй. Ухаандаа олгой авч сурчихаад би чаддаг боллоо гэж сэтгэл ханах ёсгүй. Чаддагаа улам бэхжүүлж, мэдлэгээ илүү батжуул. Жижиг зүйлд битгий сэтгэл ханаарай, илүү суралцаарай гэж захья даа. Сурахад хязгаар үгүй. Одоогийн залуус хэл, устай, мэдээлэл авах боломж нь ч хязгааргүй болжээ.

Эх сурвалж: 2020.10.12 | Unuudur.mn