Мэс заслын зэргийн шалгалт авах журам
Өнөөгийн манай улсын өөрчлөлт шинэчлэлтийн нэг чиглэл нь хувь хүний нийгэмд үзүүлэх хариуцлагыг өндөржүүлэхэд оршиж буй билээ. Эрүүл мэндийн ажилд эмч нарын цол, ажилласан жил, хувь хүний мэдлэг чадварыг ялган тэдгээрийн онцлогт тохируулан бүтээлийг нь тооцоход мэс заслын эмч нарын дунд “ахлах” ба “тэргүүлэх”, “зөвлөх” зэргийг тогтоож байхын учир холбогдол оршино.
Мэс заслын эмч нарт ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийг жил бүр дараах мэргэжлийн ялгавараар явуулж байх болно. Үүнд: Мэс заслын ахлах зэргийн эмч 8 жил, тэргүүлэх зэргийн эмч 13 жил, Зөвлөх зэргийн эмч нь 25 жил дагнан мэргэжлээрээ ажилласан байна.
Зэргийн шалгалтыг 3 үе шаттай явуулна.
- Мэс заслын зэргийн шалгалтанд орох эмч нарын материалыг хүлээн авах
- Мэс засалч эмч нарын холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шалгалт өгөх эмч нарын материалыг хэлэлцэх
- Мэс заслын эмчээс ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийн шалгалт авах
Нэг. Мэс заслын ахлах, тэргүүлэх зэргийн шалгалтанд орох эмч нарын материалыг хүлээн авах журам.
2024 оны мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах төлөвлөгөө
- Зэргийн шалгалтын бүртгэлийг эхлүүлэх - 03-р сарын 01-ны дотор;
- Эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн нийгэмлэг, холбоонд материал хүргүүлэх - 04-р сарын 05-ны дотор;
- Зэргийн шалгалтын бүртгэлийг хаах - 04-р сарын 15-ны дотор;
- Болзол хангасан горилогчийн мэдээллийг ЭМХТ-д ирүүлэх - 04-р сарын 30-ны дотор;
- Шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний нэр, чиглэлийг ЭМХТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар батлах - 04-р сарын 30-ны дотор;
- Шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтэнд зөвлөгөө, давтлага өгөх - 05 сарын 08-өөс 05-р сарын 15-ны хооронд;
- Зэргийн шалгалт зохион байгуулах, хяналт тавих - 05-р сарын 17-ноос 05-р сарын 30-ны хооронд;
- Шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтний нэр, тайланг ЭМХТ-д ирүүлэх - 06-р сарын 05-ны дотор;
- Мэргэшлийн зэрэг олгох эмнэлгийн мэргэжилтний холбогдох мэдээллийг ЭМЯ-нд хүргүүлэх - 07-р сарын 01-ны дотор;
- Цахимаар олгосон мэргэшлийн зэргийн гэрчилгээг Хүний нөөцийн мэдээний нэгдсэн санд байршуулна - 08-р сарын 15-ны дотор.
Мэргэшлийн зэрэг горилогчийн бүрдүүлэх баримт бичиг
Эрүүл мэндийн байгууллага нь мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг дэмжсэн эмнэлгийн мэргэжилтний дараах баримт бичгийг бүрдүүлж, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд хүргүүлнэ. Үүнд:
- Мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл;
- Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар);
- Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;
- Нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичиг;
- Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр эсвэл үнэмлэхийн хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан).
- Тасаг хамт олны хурлын протокол;
- Сүүлийн 5 жил хийсэн ажлын тайлан
- Хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт, өгүүлэл болон илтгэлийг хуулбарын хамт;
- Нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон албан тушаалд томилсон тушаалтай хэсгийн хуулбарыг тус тус ирүүлэх;
Анхааруулах нь: Материал дутуу эмнэлгийн мэргэжилтний нэрийг зэргийн шалгалтад орох тушаалд оруулах боломжгүй болохыг анхаарна уу!
Хоёр. Материалыг нийгэмлэгийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх.
А. Зэргийн шалгалтанд орох эмч нарын материалыг хүлээн авч дууссанаас хойш 14 хоногийн дотор нарийн бичгийн дарга ангилна.
- Шаардлага хангасан;
- Шаардлага бүрэн хангаагүй;
- Зэргийн шалгалтанд орох боломжгүй.
Б. Материал авснаас 1 сарын дотор нийгэмлэгийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж протокол гаргана.
В. Зэргийн шалгалт авах хугацааг товолно.
Г. Зэргийн шалгалт авах комиссыг томилно.
Гурав. Шалгалт авах журам
- Мэс заслын нийгэмлэгийн хурлаар томилогдсон комисс зарласан товын дагуу шалгалтыг авна.
- Мэс заслын эмч нарын Ахлах, Тэргүүлэх зэргийн шалгалтуудыг төрөлжүүлэлгүйгээр эмнэл зүйн сорил, гардан үйлдэл, тайлант хамгаалалтай хавсарсан ярилцлага хэлбэрээр авна.
- Мэс заслын эмч нарын Зөвлөх зэргийг тайлан хамгаалалтай ярилцлага хэлбэрээр шалгалтыг авах зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.
- Мэргэшлийн зэргийн шалгалтын агуулга нь тухайн эмнэлгийн мэргэжилтний мэргэжил, мэргэшлийн мэдлэг, чадвар, хандлагыг бодитой үнэлэхүйц байх ба өмнөх шатлалын шалгалтын агуулгатай давхцаагүй, ахисан түвшний байна.
- Дадлагын шалгалтын товын дагуу заагдсан эмнэлгүүд дээр хөтөлбөрт тусгагдсан сэдвийн дагуу эмчлүүлэгчийг сонгуулж мэс заслын гардан шалгалтыг авна.
- Тайлан хамгаалалыг гардан шалгалтанд тэнцсэн горилогчид аман ярилцлагын хэлбэрээр авна.
- Тайлан хамгаалалын үед тодорхой сэдвүүдийн дагуу билет сугалуулан онолын шалгалтыг авна.
- Мэргэшлийн зэргийн шалгалтыг дэвшилтэт технологи ашиглан зайн хэлбэрээр зохион байгуулж болно.
- Мэргэшлийн зэргийн шалгалтад 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн нөхцөлд мэргэшлийн зэргийн шалгалтад тэнцсэнд тооцно.