МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН ЧУУЛГАН

Даяаршиж буй дэлхий ертөнцөд анагаахын шинжлэх ухааны шинэ ололтууд хурдацтай түгэн дэлгэрч буй энэ цаг үед Монголын мэс засалч эмч нар хүн амд үзүүлж буй тусламж, үйлчилгээгээ дэлхийн түрлэгтэй чадварлаг хослуулж, олон улсын эрдэм шинжилгээний хамтарсан судалгааны орчинд идэвхитэй байр суурь эзэлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр өгөөжийг улам сайжруулж ажиллахын тулд Монголын мэс засалч эмч нарын чуулган зохион байгуулж ажилладаг.

Мэс заслын эмч нар салбарынхаа амжилт, алдаа оноог дүгнэн, шинэ технологи, олон улсын чиг хандлагын талаар зөвлөлдөхөөр хоёр жил тутам чуулган зохион байгуулдаг. 

Чуулганы үеэр дэлхийн мэс заслын чиг хандлагын талаар мэдээлэл солилцохоор гадаадын эмч, мэргэжилтнүүдийг оролцуулан нийслэл, орон нутгийн төлөөлөл болох эмч нарт мэдээллийг түгээхэд анхаарч ажилладаг болно.

Монголын Мэс заслын эмч нарын холбооны зүгээс XII чуулганыг 2018 онд ГрандМед эмнэлэгтэй хамтран амжилттай зохион байгуулаад байна.

МОНГОЛЫН МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН НЭГДСЭН ЧУУЛГАНД АКАДЕМИЧ Н.БААСАНЖАВЫН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт эрүүл мэндийн сайд аа,

Эрхэм хүндэт гадаадын зочид төлөөлөгчид өө,

Хүндэт эрдэмтэн багш нараа, эмч нараа,

Та бүхэнд билэгт сайн өдрийн түмэн амгаланг айлтгая!

Мэс заслын эмч нарын ээлжит чуулга үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ. Мэс засалчид нэгдэн олот амжилт, бас алдаа дутагдалаа шүүн хэлэлцэх уламжлал тогтоод олон жил өнгөрсөн. Энэ жил чуулга хүрээгээ  тэлж гадаадын олон орноос төлөөлөгчид ирсэнээс гадна мэс засалд оролдог, бүх салбарын мэс засалчид цугларсан онцлогтой хурал болох гэж байна.

Бидний урилгаар хүрэлцэн ирсэн гадаадын зочид төлөөлөгчид, нийт мэс засалчиддаа халуун баяр хүргэе.

2018 он Монголд мэс заслын алба үүссэний 90 жил, мөн бид бүхний багш Монголын цээжний хөндий, зүрх судасны мэс заслыг үндэслэгч, домогт эрдэмтэн, алдарт мэс засалч, академич, төрийн соёрхолт, хүний гавъяат эмч Түндэвийн Шагдарсүрэнгийн мэлмий гийсний 100 жилийн ойн тохиож байна. Академич Т.Шагдарсүрэн багш анагаахын салбарын анхны эрдэмтэн, АУДэС-н анхны тэнхмийн эрхлэгч, Монгол орондоо цээжний хөндийн болон зүрх-судасны мэс заслын салбаруудыг байгуулж, анхны хагалгаануудыг биечлэн хийж тэдгээрийг эмнэлгийн практикт нэвтрүүлж, сургалт-судалгаа-эмнэлзүйг хослуулж алтан гурвалын сургаалыг буй болгосон их эрдэмтэн гэдгийг шавь нар нь, Монголын ард түмэн андахгүй. Түүний ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст оруулсан хэмжээлшгүй их гавъяаг нь дурсан санахад таатай байна. Мөн мэс засал сэтгүүлд анхлан гарсаны 20 жилийн ойтой бид учран золгож байна. Манай сэтгүүл нь олон улсын бүртгэлтэй сэтгүүл болсонг дуулгахад таатай байна.

Хүн төрөлхтөний хүрсэн 21-р зуунд анагаахын салбараас мэс заслын салбар нь хамгийн урд нь алхаж хүрсэн гэдэг нь бүхэнд ойлгомжтой. Мэс засалчид бусад мэргэжлийн эмч нараас хамгийн их ачаалалтай ажиллаж амрах цаг, унтах нойр, амьдрах хугацаагаа умартан байж өвчтөний амь насыг аврахын төлөө хошуучлан хөтөлж явдаг билээ.

Мэс заслын салбарт техник, технологи өргөнөөр нэвтэрч, мэс заслын эмч нарын ур чадвар, мэдлэг боловсрол өдрөөс өдөрт сайжирч, ажлын үр дүн нь сайн байгааг төр засагтаа дуулгахад таатай байна. Энэ зуунд компьютерын технологи ба бичлэгийн системийн хувьсал нь өндөр мэдээлэлтэй оношлогооны аргуудыг буй болгож олон төрлийн хагалгааны технологийг боловсронгуй болгосоор байна.

Манай мэс засалчид энэхүү шинэчлэлтэй мөр зэрэгцэн урагшилж явна. Компьютер томографи нь спираль болон олон зүслэгт томографиар солигдлоо. Спираль томографи нь эзэлхүүний буюу 3D хэмжээст гэж нэрлэгддэг дүрслэлийг харуулах боломжийг олгосон. Өнөөдөр позитрон эмиш томографи нь 1см-ээс бага хэмжээтэй хавдрын зангилааг таньж, оношлож байна. Энэ бүхэнд мэс засалчид оношлогооны мэргэжилтэнүүдтэй хамтран манлайд нь явж байна. Сүүлийн жилүүдэд мэс засалч нар гадаад харилцаагаа улам өргөжүүлэн эмч сувилагч нар өндөр хөгжилтэй орнуудад олноороо, багаараа явж мэргэжил олж, мэргэжлээ дээшлүүлж байна. Өнөөдөр Монголын мэс засалчид 20 гаруй оронтой хамтын ажиллагаатай ажиллаж байна. Ерөнхий ба нарийн мэргэжлийн салбар бүр өндөр хөгжсөн оронд хийгддэг нөхөн сэргээх, эрхтэн шилжүүлэн суулгах, дурангийн ба судсан доторхи мэс заслыг амжилттай хийж байна. Мэс засалчдын ололт амжилтын тухай ярихын зэрэгцээ бидэнд тулгарч буй саад бэрхшээл, доголдол дутагдлыг шүүн хэлэлцэх нь бүр ч ач  холбогдолтой. Юуны өмнө мэс засалчдын нийгмийн болон төрөөс зохицуулах асуудлуудыг шийдвэрлүүлэх ёстой. Энэ ялдамд мэс засалчдын ажиллах нөхцөл, амьдралын баталгаа, хангамжыг хуульчлах асуудлыг ЭМЯ-ны сонорт хүргэе.

Мэс засалчдын дунд ганц нэг боловч ёс суртахуун, харилцаа хандлагагүй, мэргэжилдээ алдах, өвчтөнд хайнга хандах, хариуцлагагүй зэрэг дутагдал байгаа нь нууц биш юм. Эдгээрт мэс засалч бүр дүгнэлт хийж онцгой анхаарч ажиллахыг сануулъя. Мэс заслын хөгжлийн түвшинг нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн ололтоор ч мөн ерөнхий мэс засалчдын ажлын чанараар ч тодорхойлдог болжээ. Мэс засалч бүр эрдэм судлал, боловсрол, мэргэжлээ тасралтгүй ахиулахын төлөө хичээн ажиллахыг эрхэмлэн хүсье.

Мэс засалчид аа!

Эрдэм боловсролоор биеэн гоёж

Ээлжгүй ажилдаа олон олон шинэ арга, технологийг нэвтрүүлэн

Эрэл хайгуул ихийг хийж улам урагшлан дэвшин хөгжицгөөе.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье! Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг ерөөе!

Мэс засалчдын чуулганы он цагийн хэлхээс