card

МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН XIII ЧУУЛГАН

Монголын мэс засалч эмч нарын ХIII чуулга уулзалт 2020 оны 10-р сарын 23-24-ний өдөр Орхон аймагт амжилттай зохион байгуулагдаж нийслэл, орон нутгийн төлөөлөл болсон нийт 280 гаруй мэс засалч эмч нар оролцлоо. “Монголын мэс заслын тулгамдсан асуудлууд 2020” нэрийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулганд мэс засалч эмч нар өөрсдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, шинэ технологи, дэлхийн мэс заслын чиг хандлагын талаар зөвлөлдөв.

Чуулганы нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, академич Н.Баасанжав, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Г.Нямхүү, дэлхийн шилдэг мэс засалч, Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор О.Сэргэлэн, Монгол Улсын Ардын эмч, хүний гавьяат эмч Цэдэн-Иш, УИХ-ын гишүүн, Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн болон Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Орхон аймгийн БОЭТ-ийн дарга Б.Батсүх, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ нар оролцлоо.

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал нээлтийн арга хэмжээний үеэр тус үйл ажиллагааг зохион байгуулахад орон нутаг 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж буйгаа хэлсэн юм. Ахмад үеэсээ суралцаж, ёс зүй, харилцаа хандлагаа улам бүр сайжруулж, ажилдаа судалгаатай байж, онолын мэдлэгээ байнга дээшлүүлж байх нь зүйтэй талаар Монголын мэс засалч эмч нарын холбооны ерөнхийлөгч Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, академич Н.Баасанжав нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдлаа. Түүнчлэн хот хөдөөгийн мэс засалчдын ур чадварын ялгааг арилгах, хамтран ажиллах бодлого төлөвлөлтийг боловсруулах тал дээр анхаарах нь зүйтэй гэдгийг онцоллоо.

XIII дахь удаагийн чуулганд зочин 5 илтгэл танилцуулагдлаа. Чуулганы хүрээнд, "Мэс засал" сэтгүүлийн сүүлийн 3 дугаарт нийтлэгдсэн эрдэм шинжилгээний 100 гаран өгүүллэгүүдээс шалгарсан 14 илтгэлийг тус тус хэлэлцэж, шилдгийн шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан. Үүнд:

  • I дүгээр байр: УНТЭ, Хэрх үе судлал, үе сэргээх төвийн Б.Түвшинжаргал, М.Отгонбаяр, Н.Энхтайван, Ө.Баярцэнгэл, О.Чойдог, С.Дашцогт, С.Баатаржав, О.Сэргэлэн нарын “Хөлийн тэнхлэг засах мэс заслыг хоёр хөлөнд зэрэг хийсэн үр дүн” сэдэвт илтгэл 
  • II дугаар байр: ХСҮТ, Ерөнхий мэс заслын тасгийн Р.Ганбаатар, М.Чинзориг, Б.Түвшин, Я.Эрдэнэ-Очир, Д.Жаргалсайхан, Э.Эрхэмбаяр, Ч.Бат-Оргил, Ч.Сарантулга, Т.Тогтохбаяр, Б.Халиунаа нарын “Бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчлөлд мэс засал эмчилгээ хийсний дараах 5 жилийн амьдрах чанарыг судлах нь” сэдэвт илтгэл
  • III дугаар байр: Гранд-мед эмнэлэгийн Б.Нурбек, Д.Гончигсүрэн, А.Шийрэвнямба нарын “Нурууны мэдрэлийн сувгийн нарийслыг дурангийн аргаар чөлөөлөх мэс заслын дараах булчингийн өөрчлөлтөнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан нь” сэдэвт илтгэлүүд шилдэгээр шалгарсан байна.

2020 оны “Шилдэг мэс засалч” эмчээр ЭХЭМҮТ-ийн  Хүүхдийн мэс заслын эмч А.Цэнджав, 2020 оны “Шилдэг залуу мас засалч” эмчээр УНТЭ, Эрхтэн шилжүүлэх төвийн Б.Бат-Ирээдүй нар тус тус шилдэгээр шалгарлаа.

Харин Мэс заслын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын Анагаах ухааны нэрт зүтгэлтэн, XX зууны гарамгай мэс засалч, Монгол улсын хүний гавъяат эмч, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Вандан-Ишийн Ичинхорлоогийн нэрэмжит шагналын эзнээр ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын клиникийн Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Я.Эрдэнэ-Очир эмч тодорлоо.

Мөн Монголын мэс засалч эмч нарын чуулганы хүрээнд Холбооны дүрмийг шинэчлэлтэнд бүх гишүүдээс санал авах, дүрмийн шинэчлэлтийг батлах, ирэх 4 жилийн хугацаанд ажиллах холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох үйл ажиллагаа явагдлаа.

Чуулганы онцлох үйл явдлын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Мэс засалч эмч нарын XIII чуулган, онол, практикийн хурлын ажиллагаанд анхаарал хандуулан "МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ"-илгээснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батханд хүрэлцэн ирж таницуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

Монголын мэс засалч эмч нарын холбооны ХIII чуулганд оролцогчдод

Хүндэт мэс заслын эмч нар, эрдэмтэн судлаачид, эрхэм зочид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг эмч нар, эрдэмтэн мэргэд энд хуран цуглаж, Монголын мэс заслын тулгамдсан асуудлуудаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж,эрдэм судлал, судалгааны шинжилгээний үр дүн, туршлага мэдлэгээ солилцож, эрдэм оюунаа тэлж байгаад баяртай байна.

Монгол Улсын ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд чухал үүрэг мөн. Монголын төрөөс ард иргэдийнхээ эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримталж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулж, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд анагаах ухааныг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тэргүүн эгнээнд тавих учиртай.

Тийм ч учраас мэс заслын өвчлөлийн шалтгаан, анагаах, сувилах арга зүй, менежментэд эмч нарын төдийгүй нийт иргэдийн анхаарлыг хандуулах, ойлголт өгөхийг чухалчлан үзэж, Мэс засалч эмч нарын XIII чуулган, онол, практикийн хурлын ажиллагаанд зориуд анхаарал хандуулахыг хүслээ. Хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг Монголын мэс засалч эмч нарын холбоонд ард иргэд, эдгэрч илаарьшин эрүүл энхийн жаргаланд хүрсэн хүн бүрийн өмнөөс талархал илэрхийлье.

2015 онд болсон Дэлхийн эрүүл мэндийн ерөнхий ассамблейн 68 дугаар чуулга уулзалтаар “Мэс засал, мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээг чанаржуулах нь эрүүл мэндийн төгөлдөр тусламжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг мөн” хэмээсэн A-68/15 тоот тогтоолыг баталжээ. Энэхүү баримт бичигт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх шатлалын эмнэлгүүдэд мэс засал, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийг шуурхай, чанартай, найдвартай хэлбэрээр санхүүгийн элдэв бэрхшээлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх арга аргачлал, эдийн засгийн болон бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөрийг дэвшүүлэн тавьсан.

Манай улс мэс заслын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон цаг алдалгүй шуурхай, найдвартай эмчлэх нь тухайн улсын хүн амын эрүүл мэндийн бодлого болон хэрэгжүүлэлтийн амин чухал салшгүй хэсэг, эрүүл мэндийн тогтолцооны бат бөх суурь бөгөөд яаралтай тусламж, мэс засал болон мэдээгүйжүүлэг зэрэг чухал салбаруудыг хөгжүүлэн сайжруулж, хүртээмжтэй болгох чиглэлээр зохих бодлого шийдвэр, хөтөлбөр зорилтыг гарган хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

Өнөөдөр Монгол Улс зарим өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа нь сэтгэл түгшээж, санаа зовоож байна. Төрийн түвшинд бодлого алдагдсан нэг жижиг асуудал ард иргэдийн амьдралд олон мянган том асуудал болж очдог. Тийм учраас төрөөс иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлыг онцгой анхаарч, цаг алдалгүй шуурхай засаж залруулж байх ёстой. Энэхүү чуулган, эрдэм шинжилгээний хурлаар мэс заслын салбарын тулгамдсан олон асуудлын шийдэл, эрхзүйн орчны гаргалгааг тодорхойлж, санал бодлоо цэгцлэн, нэгдсэн нэг ойлголтод хүрснээр цаашид асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэж найдаж байна.

Дэлхийн анагаахын шинжлэх ухаан, мэс заслын салбарт гарч буй сүүлийн үеийн ололт дэвшил, тэргүүн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлж, хөл нийлүүлэн алхах, монгол эмч нарынбүтээсэн мэдлэг, туршлага, ур чадварыг дэлхийн түвшинд гаргахад чухал хувь нэмэр оруулж, оюуны томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа энэхүү хуралд оролцож буй Та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж,эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Чуулган, эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ    ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

Төрийн ордон, Улаанбаатар хот

2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Зургийн цомог - 2020/11/23

Зургийн цомог - 2020/11/24

Ерөнхий ивээн тэтгэгчид

Алтан ивээн тэтгэгчид

Мөнгөн ивээн тэтгэгчид

Хүрэл ивээн тэтгэгчид

Зохион байгуулагдсан газар

Эрдэнэт ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор