card

ХОЛБООНЫ ТУХАЙ

МОНГОЛЫН МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
 

Монголын Мэс заслын эмч нарын холбоо нь 1998 онд Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж 2016 оноос Монголын Мэс заслын эмч нарын холбоо гэсэн нэртэйгээр ажиллаж байна.

Монголын Мэс заслын эмч нарын холбоо нь бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөг хүртэл Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мэс заслын эмч, гэмтлийн эмч, хавдрын мэс заслын, хүүхдийн мэс заслын зэрэг салбар бүрийн мэс заслын эмч нарын хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, нэгтгэн хамруулахын төлөө ажиллаж ирсэн билээ.

Холбооныхоо зорилго, үйл ажиллагааны талаар нийт гишүүддээ мэдээлэл түгээх, тэдний санаа бодлыг сонсож, гишүүдийн мэдлэг ур чадвар, зэрэг дэвийг дээшлүүлэх нь бидний цаашдын хөгжил, дэвшилд ихээхэн тустай билээ. Манай холбооны явуулж буй бодлого, үйл ажиллагааг гишүүдэд танилцуулах, үйл ажиллагаанаас гарах үр өгөөжийг дээшлүүлж, хүрээг нь өргөжүүлэх, гишүүдийн мэдлэг, мэдээлэлд нэмэр оруулахын төлөө өндөр зорилго тавин, зориг эрмэлзэл дүүрэн ажиллаж байна.

Иймд холбооныхоо цахим хуудсыг нээж, байнгын ажиллагаатай байлгах талаар санаа тавин ажиллаж байна.Ингээд манай цахим хуудсаар зочилж, бидний үйл ажиллагааны талаар сонирхон, хамтран ажиллаж буй бүх хүмүүстээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цаашид ч биднийг дэмжиж, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Сайн үйлс дэлгэртүгэй!

МУ-н хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Начингийн Баасанжав

ХОЛБООНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Эрхэм зорилго Монгол улсын хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, мэс заслын мэргэжилтний чадавхийг нэгтгэн, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах замаар Монгол улсын Мэс заслын салбарыг тогтвортой хөгжүүлэх. 

Хэтийн зорилго Монгол улсын мэс заслын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын салбарын мэргэжилтнүүдийн түвшинд хүргэж хөгжүүлэн чадавхижуулах. 

Стратегийн зорилтууд Монголын мэс заслын эмч нарын холбоо нь өөрийн зорилго зорилтоо биелүүлэхэд дараах стратегийн зорилтуудыг баримтлах болно.

Үүнд:

  1. Мэс заслын салбарын нотолгоонд тулгуурласан бодлого хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх;
  2. Нэвтрүүлэн үнэлэхэд гишүүдийн оролцоог дэмжих;
  3. Монгол улсын мэс заслын салбарын мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд чармайж ажиллах;
  4. Хүн амын эрүүл мэндийг дэмжин сайжруулахад хувь нэмэр оруулах;

Монгол улсын хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад бусад мэс заслын салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх.