МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН X ЧУУЛГАН

Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн 10-р чуулган 2014 оны 12-р сарын 28-ны өдөр Чингис зочид буудалд боллоо. Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Мэс заслын эмч нарын нийгэмлэг, УБТЗ-ын эмнэлэг оролцлоо.

Уг чуулган нь Монголын анхны мэс засалч В.Ичинхорлоогийн мэндэлсний 100 жилийн ой, Монголд дурангийн мэс засал үүсч хөгжсөний 20 жилийн ойтой давхцаж байгаагаар онцлог боллоо.

Чуулганыг ММЗЭНН-н тэргүүн Ардын эмч, доктор, профессор Н.Баасанжав нээж үг хэлэв. Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Академич Н.Баасанжав чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монголын мэс засалч эмч нар өнгөрсөн хугацааны алдаа, оноо, амжилт бүтээлээ дүгнэн хэлэлцэхээр Х чуулганаа зохион байгуулж байна. Монголын мэс засалчид өнөөдөр эд, эрхтэн шилжүүлэн суулгах болон нөхөн сэргээх хагалгаанууд, дурангийн мэс заслыг өдөр тутам хийж, судсан доторх мэс заслыг хөгжсөн орны түвшинд хүргээд байна. Мөн 10 гаруй орны мэс засалчидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байгаа нь Монголын эмч нарын ур чадвар дэлхийн энтэй байгааг нотлон харуулж байна” гэв.

Чуулганд Улсын Их хурлын гишүүн Д.Батцогт, дэд сайд Ж.Амарсанаа, АШУҮИС-н боловсролын асуудал эрхэлсэн дэд захирал Н.Сүмбэрзул, АУ-ны Академийн Ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн нар оролцож үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт “Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтад шинэчлэл хийж шаардлага бий. Тиймээс миний бие Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяатай хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зохион байгуулалтын тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Энэ хуулийн төсөлд эрүүл мэндийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалтын тогтолцоог олон улсын нийтлэг чиг хандлагын жишигт нийцүүлэн цогцоор нь өөрчлөх зохицуулалт оруулсан. Мөн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр тусгаад байна. Бодлогын шинэчлэл хийх зорилгоор зарчмын томоохон өөрчлөлтүүд оруулж байгаа хуулийн энэ төслийг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн барих юм.

Даяаршиж буй дэлхий ертөнцөд анагаахын шинжлэх ухааны шинэ ололтууд хурдацтай түгэн дэлгэрч буй энэ цаг үед Монголын мэс засалч эмч нар хүн амд үзүүлж буй тусламж, үйлчилгээгээ дэлхийн түрлэгтэй чадварлаг хослуулж, олон улсын эрдэм шинжилгээний хамтарсан судалгааны орчинд идэвхитэй байр суурь эзэлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр өгөөжийг улам сайжруулж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Тус чуулганд хот, хөдөөгийн мэс заслын 350 төлөөлөгч оролцож, урилгаар АНУ, Оросын Холбооны улс, БНСУ-аас 20 гаруй төлөөлөгчид оролцож, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн “ XX-р зууны гарамгай мэс засалч Вандан-Ишийн Ичинхорлоо” гийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан илтгэлийг тавилаа.


ММЗЭНН-ын чуулганаас "ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ ЭМЧ", "ШИЛДЭГ ЗАЛУУ МЭС ЗАСАЛЧ ЭМЧ" нарыг шалгаруулахын зэрэгцээ, тус нийгэмлэгийн чуулганд тавигдсан илтгэлүүдийг шалгаруулж, байр эзлүүлэн мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулав.

Шилдэг мэс засалч эмчээр:

Хүүхдийн мэс засалч Л. Ганбаяр, Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн мэс засалч Б.Алтангэрэл нар шалгарч тус бүр 2 сая төгрөгөөр шагнагдлаа.

Шилдэг залуу мэс засалчаар:

УБТЗТЭ-н Мэс заслын эмч Я.Болдбаатар, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн мэс засалч Ү.Санчин нар шалгарч тус бүр 1 сая төгрөгөөр тус бүр шагнагдлаа.

Шилдэг илтгэл шалгаруулж:

  • 1-р байрт 1 сая төгрөг
  • 2-р байрт 500 мянган төгрөг
  • 3-р байрт 250 мянган төгрөгөөр тус тус шагнав.

Тусгай илтгэлийн шагнал 500 мянган төгрөгийн шагналыг Проф. О. Сэргэлэнгийн “XX-р зууны гарамгай мэс засалч Вандан-Ишийн Ичинхорлоо” илтгэл хүртлээ.

Түүнчлэн мэс заслын дэлхийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцохоор АНУ, ОХУ, БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд ороцсон бөгөөд "ММЭНН-н ХҮНДЭТ ГИШҮҮН” цолыг АНУ-аас ирсэн төлөөлөгч доктор, профессор MURUN-д гардуулав.

Зургийн цомог