Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг мэс засал, гэмтлийн тасагтай боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Баянзүрх нэгдсэн эмнэлэгт мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээлээ.

Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу иж бүрэн тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан тус тасаг нь хагалгааны вакумжуулсан 2 өрөө, мэс заслын 20 ортой бөгөөд нийт 32 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах аж.

Дүүргийн 361.689 хүн амд үйлчилдэг тус эмнэлэгт мэс засал, гэмтлийн тасаг нээснээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэхийн зэрэгцээ мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг тодорхой үе шаттай үзүүлэх юм.

Мөн улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатлалын эмнэлгүүдийн төвлөрөл, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах чухал ач холбогдолтой ажээ.

2016 онд дүүргийн эмнэлгүүд зөвхөн хүүхэд, дотор, мэдрэлийн тасагтай байсан бол өдгөө мэс засал, гэмтлийн болон гемодиализ, хавдрын хими эмчилгээ, хөнгөвчлөх, харвалт шигдээсийн тасаг, нэгжүүдийг байгуулаад байна.

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт нээгдсэн Мэс засал, гэмтлийн тасгийг цаашид Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэгт нээхээр төлөвлөжээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нэгдсэн эмнэлгийн дарга Ө.Туул болон албаны бусад хүмүүс оролцов.

Эх сурвалж: 2020.10.09 | Montsame.mn