Засгийн газар, ЭМЯ, Сангийн Яамны дэмжлэгээр улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хагалгааны хоёр, туслах найм, нийт 10 өрөө бүхий хагалгааны хэсгийг ашиглалтад оруулан албан ёсоор өчигдөр хүлээлгэн өгөв.
Энэхүү хэсэг нь анх удаа орчин үеийн шаардлагын түвшинд хүрсэн гэдгээрээ давуу талтай. ЭХЭМҮТ-д 2018 онд 15663 өвчтөнд мэс заслын эмчилгээ хийсний 72.4 хувийг хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээ эзэлж байна. Энэхүү мэс заслын вакум өрөөнүүдийн хана, тааз, шал болон бусад дагалдах тоног төхөөрөмжийг олон улсад хүлээн зөвшөөрсөн тоосжилт үүсдэггүй, цахилгаанждаггүй, нянгийн эсрэг бактер үрждэггүй, цэвэрлэхэд хялбар тусгай зориулалтын материалаар хийжээ.
Хүүхдийн вакумжсан мэс заслын хэсэг нь иж бүрэн тоноглосон мэс заслын өрөө, цэвэр багаж, материалын өрөө гээд бохир зүйлсийг гаргах, гар угаах хэсэг хувцас солих, усанд орох, техникийн өрөө болон коридорын хэсэг гэсэн зохион байгуулалттай. Энэхүү мэс заслын өрөөний агаарыг 4 шатлалт шүүлтүүрээр шүүж, бактерийг устган халдваргүйжүүлдэг хепафильтер суурилуулсан бөгөөд түүний тусламжтай агаарыг тасралтгүй 99.99 хувь цэвэршүүлэх юм. Цахилгаан, дулаан хангамж, холбоо дуудлага, интернетийн сүлжээ, эмнэлгийн хийн систем, хяналтын камер зэрэг төхөөрөмжөөр тоноглосон, мэс заслын өрөөний дотроос тохируулах бүрэн боломжтой хяналтын самбартай юм. Мөн эмч ажилчдад зориулсан хувцас солих өрөөг усанд орох хэсэгтэй шийдсэн нь ажилчдын орчин нөхцөл сайжирч, тэдэнд ажиллах урам зориг, эрч хүч өгч байна.
Ташрамд дуулгахад, ЭХЭМҮТ нь 2019 онд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангаж, эрсдэлгүй ажиллацгаая” уриаг дэвшүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: 2019.10.11 | Montsame.mn