“Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт” яг одоо Чингис зочид буудалд болж байна

Чуулганыг академич Н.Баасанжав нээж “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын мэс заслын тусламж үйлчилгээний хөгжилд гарсан ололт амжилтуудаа өнөөдөр дүгнэж, шилдгүүдээ шалгаруулахаар бид цуглараад байна. Манай холбооноос гадаад харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ажиллалаа. Энэ ч утгаараа чуулга уулзалт маань олон улсын шинж чанартай болж өргөжиж байна. Монголын мэс засалч эмч нарын чадвар улам сайжирсаар шинэ техник, технологиудыг ашиглан тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлсээр байгаа нь сайшаалтай хэрэг. Энэхүү  хөгжил нь мэс засалч эмч та бүхний нөр их хөдөлмөрийн үр шим.” Хэмээсэн юм. Чуулга уулзалтын жаврыг үлээж МУГЖ н.Хонгорзул “Урьхан хонгор салхи” дуугаараа ая өргөлөө.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэс засалч эмч нартаа хандаж “Монгол улсад эрүүл  мэндийн салбарт нэн яаралтай шийдэх асуудлын нэг бол гадаадруу эмчлүүлэхээр явах урсгалыг багасгах юм. Энэ урсгалын 60 орчим хувь нь иргэд  мэс заслын тусламж үйлчилгээг авахаар гадаад орныг зорьдог.  Тус  урсгалыг багасгахын тулд мэс заслын эмч, мэргэжилтнүүдээ багаар нь гадны өндөр хөгжилтэй оронд сургах нь Эрүүл мэндийг яамнаас авах нэн тэргүүний ажил болж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр 12 орны элчин сайдуудтай уулзахдаа хүсэлтээ илэрхийлсэн. Энэ удаагийн уулзалтаар би мэс засалч эмч нартаа хоёр саналыг хүргүүлж байна. Нэгдүгээрт эмч, мэргэжилтнүүд маань гадаад хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт хагалгааны бэлтгэл ажил болон хагалгааны дараах хүндрэлд бэлтгэлтэй байж, олон улсын стандартын түвшинд хүрч ажиллахыг хүсч байна” хэмээлээ.

Тус хурал өнөөдөр 18 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр мэс заслын тусламж үйлчилгээнд гарсан  хөгжлийн талаар илтгэлүүд тавигдана.

Эх сурвалж: 2016.10.28 | Arslan.mn