card

XV ЧУУЛГАН: Мэс заслын үеийн халдварыг бууруулснаар мэс заслын дараах хүндрэл “БУУРНА“

Өнөөдөр Монголын мэс засалч нарын холбооны 15 дугаар чуулган “МЭС ЗАСЛЫН ДАРААХ ХҮНДРЭЛ, ТҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ” нэрийн дор зохион байгуулагдаж байна. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, Монголын мэс засалч эмч нарын холбооны Ерөнхийлөгч Н.Баасанжав, Монголын мэс засалч эмч нарын холбооны Гүйцэтгэх захирал Д.Баян-Өндөр, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн болон бусад албаныхан оролцож байна. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг байсан тус чуулган өнгөрсөн жилээс эхлэн жил бүр зохион байгуулагдахаар болсон юм. Энэ удаагийн чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн нийт 250 гаруй мэс заслын эмч нар оролцож, өөрсдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, шинэ технологи, дэлхийн мэс заслын чиг хандлага, мэс заслын дараах хүндрэл, түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөлдөж байна.

Монголын мэс засалч эмч нарын холбооны Ерөнхийлөгч Н.Баасанжав:

Монголын мэс засалч эмч нарын холбооноос зохион байгуулдаг чуулган нь хоёр жилд нэг удаа болдог байсан бол сүүлийн жилүүдэд дэвшингүй хөгжиж буй техник, технологийн хөгжил хурдтай явж байгаа учраас бид бид болгон зохион байгуулахаар болсон. Бид ойр ойрхон уулзаж, цаашид хийх ажлаа цэгнэж явах хэрэгтэй. Энэ удаагийн чуулга уулзалтыг бид “Мэс заслын дараах хүндрэл, түүнээс сэргийлэх нь” сэдвийн дор зохион байгуулж байна. Өнгөрсөн жил манай мэс заслын салбар бүрт шинэ техник, технологи нэвтэрсэн байна. Хурлын үеэр бид цаашид юун дээр анхаарах, юуг шийдэх ёстойг энэ үеэр хэлэлцэнэ. Мэс засал болгоны халдваргүйжүүлэх үйл ажиллагааг орчин цагт нийцүүлэн сайжруулах хэрэгтэй. Мэс заслын үеийн халдварыг бууруулснаар мэс заслын дараах хүндрэлийг бууруулна. Үүнээс гадна орчин цагийн шинэ техник, технологийг нэвтрүүлж олон эмнэлэгт зэрэг нэвтрүүлэх шаардлагатай. Одоо бид эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг өдөр тутмын үйл ажиллагаа болгохоос гадна робот мэс заслыг эхлүүлэх ёстой талаар ярилцаж байна.

Монголын мэс засалч эмч нарын холбооны Гүйцэтгэх захирал АУ-ны доктор Д.Баян-Өндөр:

Монголын мэс засалч нарын холбооны 15 дугаар чуулган болж байна. 2001 онд ХСҮТ-ийн мэс заслын эмч нарын санаачилгаар мэс заслын эмч нарын чуулга хамгийн анх зохион байгуулагдаж байсан. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн жил бүр зохион байгуулахаар болж, өнөөдөр ийнхүү 22 жил болж байна. Мөн Монголын мэс засалч эмч нарын холбооноос эрхлэн гаргадаг “Мэс засал” сэтгүүл нь 25 дахь жилдээ хэвлэгдэн гарч байна. Манай холбоонд 550 гаруй мэс засалч эмч нар багтдаг бөгөөд өнөөдрийн чуулганд 250 гаруй мэс заслын эмч нар оролцож байна. Бусад эмч нар маань эрүүл мэндийн манаандаа зогсож байгаа. Эдгээр эмч нартаа талархал илэрхийлье. Өнөөдөр бид мэс заслын хамгийн чухал асуудлын нэг болох “МЭС ЗАСЛЫН ДАРААХ ХҮНДРЭЛ, ТҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ололт амжилтаа хэлэлцэнэ.  Өнөөдрийн хуралд гадны орнуудаас илтгэлээ хэлэлцүүлж байна.

Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн:

Эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлд манай Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг манлайлан ажилладаг. Манай эмнэлэгт элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах гэх мэт маш олон мэс заслууд хийгдэж байна. Энэ онд бид бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс засал, элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийсэн. Мөн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах холбооны хурлыг Цусны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах багийн хамт олонтойгоо хамтран хийлээ. Зөвхөн энэ онд гэхэд л элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 44 өвчтөнд хийсэн байна. Бид цаашид нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэх зорилт тавиад ажиллаж байгаа бөгөөд багийн сургалт бүрэн хийгдсэн. Одоогийн байдлаар донорын асуудлыг л хүлээж байна.

Бид маш их баяртай байгаа нэг үйл явдал нь 2024 онд “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийг байгуулах төсөв суулгасан. Энэ ажлыг хийхийн төлөө бид эртхэн шилжүүлэн суулгаж эхэлсэн эхний өдрөөсөө л бид мөрөөдөж ирсэн. Өнөөдөр элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох өдрөө хүлээж буй 80 гаруй өвчтөн байна. хүлээгдлийн дундаж хугацаа 6 сар байна. “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв” байгуулагдвал энэ хүлээгдэл буурах боломжтой юм. Эрхтэн шилжүүлэн суулгах багийн хамт олон хангалттай бэлтгэгдсэн. Хэрэв бид төвөө ашиглалтад оруулчихвал элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг нэг өдөр хоёр өвчтөнд зэрэг хийх боломжтой.

Дорнод аймгийн БОЭТ-ийн Мэс заслын зөвлөх эмч, Хүний гавьяат эмч С.Ганбат:

Хөдөө орон нутагт мэс заслын тусламж, үйлчилгээ өмнөх жилүүдийг бодвол их сайжирсан гэж хэлж болно. Хэдэн жилийн өмнө үзүүлж байсан энэ төрлийн тусламж үйлчилгээг өнөөдрийнхтэй харьцуулвал маш их ялгаатай болсон. Улс орны хөгжил, иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэн, мэс заслын залуу халаа маань албаа сайн хашиж байгаа учраас энэ төрлийн тусламж үйлчилгээ сайжирсан. Хөдөө орон нутагт олон төрлийн мэс засал нэвтэрсэн. Манай аймгийн хувьд цөсний зам, элэг, нойр булчирхай, хэвлийн хөндийн бүх төрлийн хавдруудын мэс заслын тусламж, үйлчилгээ хийгдэж байна. Үүнийгээ дагаад химийн эмчилгээ ч мөн хийгдэж байна. Мөн бөөр, урологийн бүх төрлийн мэс заслууд дурангийн аргаар хийгдэж байна. Хэдийгээр ийм байгаа хэдий ч зохион байгуулалтын тал дээр анхаарах зүйлс байна. Анхан шатны эмнэлэг буюу сумын эрүүл мэндийн төвдөө эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, түүн дотроо мэс засал, мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хөдөө орон нутгаас аймгийн төврүү мэс заслын тусламж, үйлчилгээг авахын тулд 200 орчим километр замыг туулах ёстой байдаг. Энэ нь цаг хугацаа болон тухайн өвчтөнд эрсдэл үүсэх аюултай юм. Дорнод аймгийн хувьд залуу боловсон хүчнээ бэлтгэх, тогтоон барихын тулд олон жил бодлогын ажлыг хийж хэрэгжүүлж байна. Дунд хугацааны төлөвлөгөөг гаргаж, ирээдүйд ямар ямар мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхээ тодорхойлж, үүний дагуу тодорхой хөтөлбөрөөр эмч нараа бэлтгэж байна.

"Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээ" болон "Аюулгүй хүртээмжтэй мэс засал"-ыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ариутгал, халдваргүйтгэлийн сургалт, мэс заслын гар угаах техникийн үнэлгээгээр Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг дахин үнэлж, үйл ажиллагааны доголдлыг засах тал дээр ажлын байрны сургалтыг хийснээс гадна 2030 он хүртэл бүх аймаг сумдын эрүүл мэндийн төвүүдийг хамруулах зорилт тавин ажиллаж байна. 

Энэ үеэр 29 илтгэл тавигдах бөгөөд шилдэг аман илтгэл, шилдэг ханан илтгэл, шилдэг тохиолдлын танилцуулга болон шилдэг мэс засалч, шилдэг залуу мэс засалч эмч нарыг тодруулах юм.

Монголын Мэс заслын эмч нарын холбоо нь 1998 онд Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж, 2016 оноос Монголын Мэс засалч эмч нарын холбоо гэсэн нэртэйгээр ажиллаж байна. Тус холбоо нь бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа салбар бүрийн мэс заслын эмч нарын хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, нэгтгэн хамруулахын төлөө ажиллаж байна.

Эх сурвалж: 2023.10.14 | Arslan.mn