card

МОНГОЛЫН МЭС ЗАСАЛЧ ЭМЧ НАРЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Монголын мэс засалч эмч нарын холбооны бүх гишүүдийн 2020.10.24-ны өдрийн Их хурлаар шинэчлэн батлав.

“Монголын мэс засалч эмч нарын холбоо” /товчилбол ММЗЭНХ/ нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэмд нийцүүлэн өөрийнхөө үйл ажиллагаагаа явуулах эмч, эмнэлгийн ажилтан, тэдгээрийг дэмжих хүмүүсийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан олон нийтийн байгууллага мөн.

Нэг. Холбооны зорилго, үйл ажиллагааны үндэс

Монголын хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн байнгын их хөнөөл, хохирол учруулж байгаа мэс заслын өвчнөөс сэргийлэх, өвчлөлийг бууруулах, эмчилгээний болон оношлoгооны чанар үр ашгийг улам дээшлүүлэхэд ММЗЭНХ-ны зорилго оршино. Үүний тулд дараах зорилтыг дэвшүүлэн ажиллана:

1.1. Мэс заслын эмч төдийгүй бусад мэргэжлийн эмч, эмнэлгийн бусад ажилтан, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжигч хувь хүн, байгуулагын хүчийг сайн дурын үндсэн дээр нэг чиглэл, үзэл, үйлээр нэгтгэх.

1.2. Олон улсын байгууллага, нийгэмлэг, холбоо, эрдэмтэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, хэвлэл мэдээлэл солилцох, олон улсын хурал, симпозиумд оролцох, хэвлэл нийтлэл хийх.

1.3. Төв, орон нутгийн хүн амын дунд нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ судалгаа хийх, орон нутгаас ирсэн өвчтөнд зөвлөгөө өгөх, мэс заслын эмчилгээг зохион байгуулах.

1.4. Мэс заслын эмч нарт мэргэжил олгох, дээшлүүлэх, зэргийн шалгалт өгөхөд туслах, зөвлөлгөө өгөх.

1.5. Мэс заслын эмч нарт эрдэм шинжилгээний судалгаа хийхэд нь зөвлөгөө, удирдамж өгөх, хэлэлцүүлэг хийж туслах.

1.6. Мэргэжлийн хэвлэл нийтлэл хийхэд нь туслах.

1.7. Мэс заслын түүхэнд холбогдох материал цуглуулах, эмхлэх, алдар цуутай эрдэмтэн эмч нарын нэр төрийг алдаршуулах ажил зохион байгуулах.

1.8. Эмч нарын үйл ажиллагааг дүгнэж, тэргүүн мэс засалч болон ажилтанг шалгаруулж, мэс заслын алдартаны шагнал өгөх.

1.9. Онол, практикийн бүс нутгийн болон улсын хурал, чуулган, семинар, симпозиумыг ЭМЯ, Анагаахын сургалт хариуцсан байгуулагуудтай хамтран зохион байгуулах.

Хоёр. Бүтэц, зохион байгуулалт

2.1. ММЗЭНХ нь Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, тэргүүлэгчид, гишүүдээс бүрдэнэ.

2.2. ММЗЭНХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа, гадаад харилцааг нарийн бичгийн дарга, санхүүгийн гэрээт мэргэжилтэн хариуцан ажиллана. Аймаг, хотуудад салбар зөвлөл, сум, дүүрэгт зөвлөлийн гишүүд байна.

2.3. ММЗЭНХ-ны удирдах дээд байгуулага нь их хурал бөгөөд 4 жилд нэг удаа хуралдана. Их хурлын төлөөлөгчдийг салбар зөвлөлөөс сонгоно.

2.4. ММЗЭНХ-г татан буулгах асуудлыг гишүүдийн их хурлын төлөөлөгчдийн 50 хувиас илүү саналаар шийдвэрлэнэ.

2.5. ММЗЭНХ-ны хурлын шийдвэр нь Холбооны ерөнхийлөгчийн гарын үсэг зурж тамга дарснаар баталгаажна.

Гурав. Холбооны төлөөлөн удирдах зөвлөл

3.1. ММЗЭНХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийг гишүүдийн их хурлаар сонгоно.

3.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 15 хүртэл байж болно.

3.3. Мэс заслын салбар бүрээс төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлж, тухайн салбарын олонхийн саналаар сонгоно.

3.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Холбооны Ерөнхийлөгчийг нэг удаа давтан сонгогдох эрхтэйгээр 4 жилийн хугацаатай сонгоно.

3.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Холбооны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн даргыг нэг удаа давтан сонгогдох эрхтэйгээр 4 жилийн хугацаатай сонгоно.

3.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг 70–аас дээш хувийн ирцтэй үед хүчин төгөлдөр гэж үзнэ.  

3.7. Холбооны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга хамтын шийдвэрээр хамтран ажиллах 3 хүртэлх тооны нарийн бичгийг нэг удаа давтан сонгогдох эрхтэйгээр 4 жилийн хугацаатай сонгоно.

3.8. Төлөөлөн удирдах зөвлөлд Холбооны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга нар жилийн бүрийн 1-р улиралд холбооны үйл ажиллагааны тайланг танилцуулна.

Дөрөв. Гишүүдийн эрх

ММЗЭНХ-нд элсэхийг хүссэн эмч, эм зүйч, мэс заслын салбарыг дэмжигч хүн бүрийг мэргэжил, нас , хүйс  үл харгалзан бүртгэн авч элсүүлнэ. Холбооны гишүүний эрх:

4.1. Холбооны аль нэг үүрэгт ажилд сонгогдох, сонгох

4.2. Гадаад, дотоодын хурал семинар, зөвөлгөөн, эрдэм шинжилгээний хуралд оролцох

4.3. Судалгаа шинжилгээ хийх, бүтээлээ нийтлүүлэх

4.4. Мэргэжил олгох, дээшлүүлэх, ажиллах эрхийн гэрчилгээ авах

4.5. Нээлт, шинэ бүтээл туурвихад туслалцаа авах

4.6. Бүтээлээ үнэлүүлэх, урамшил, шагнал хүртэх

Тав. Холбооны гишүүний үүрэг

5.1. Мэс заслын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хүчин зүтгэх, хувь нэмрээ оруулах.

5.2. Судалгаа, сургалт, хүн ардаа эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил зохиох.

5.3. Холбооны гишүүний татварыг жил бүрийн 1-р улиралд тушаах.

5.4. Холбооны шийдвэрийг хэрэгжүүлэх.

5.5. Холбоонд хандив туслалцаа үзүүлэх.

Зургаа. Санхүүжилт

6.1. Холбооны мөнгөн болон эд хөрөнгө нь доорх эх үүсвэрээс бүрдэнэ.

  • Холбооны гишүүний татвар /нэг гишүүнийн жилийн татвар 100.000 төгрөг байна/
  • Гишүүд, дэмжигч байгууллага, хүмүүсийн хандив, гадаад улс орны тусламж

6.2.Санхүүгийн гүйлгээний 1-р гарын үсгийг Гүйцэтгэх захирал, 2-р гарын үсгийг Ерөнхий нарийн бичгийн дарга зурна.

6.3.Холбооны хөрөнгийг мэс заслын салбарыг хөгжүүлэх, хүн амыг эрүүлжүүлэх, өвчлөлт, нас баралтыг буруулах ажилд зарцуулах.

6.4. Холбооны зохиосон ажлын хувь нэмэр нь мэс заслын салбар, шинжлэх ухаан, эмчилгээ оношлогооны ажлын тайлангаар тодорхойлогдоно.