card

Бүтээл нийтлүүлэх журам

"Мэс засал" сэтгүүлд бүтээл нийтлүүлэх ерөнхий зарчим, тавигдах шаардлага

"Мэс засал" сэтгүүл нь Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн-онол практикийн төв хэвлэл мөн бөгөөс нийтлэгдэж буй бүтээл нь чанартай, өгөөжтэй, зохих шаардлага хангасан байх ёстой. Цаашид жилд 2 болон түүнээс олон давтамжтай хэвлэх, улмаар олон улсын жишигт хүргэх хэрэгцээ, шаардлага байгааг ухамсарлан нийт мэс заслын эмч, судлаач, эрдэмтэн мэргэд Та бүхэнд сэтгүүлийн зөвлөлөөс бүтээл нийтлүүлэх ерөнхий зарчим, тавигдах шаардлагыг сонордуулж байна.

Бүтээлийг туурвисан хэлбэрээр ангилан ялангуяа эрдэм шинжилгээний өгүүллийг мэс заслын салбар бүрээр бүлэглэн нийтлэх болсон нь тухайн салбарын хөгжил манай орны хувьд чухамхүү ямар түвшинд байгаагийн гэрч, толь болох аваас нийтлэгч Та бүхэн нэгийг бодох, салбарын удирдлага, тасгийн эрхлэгч нар хоёрыг тунгаах цаг нэгэнт болжээ.

Иймд сэтгүүлд бүтээл нийтлүүлэх ерөнхий зарчим, тавигдах шаардлагыг чандлан мөрдөхийг анхаарна уу.


Сэтгүүлд бүтээл нийтлүүлэх ерөнхий зарчим

Бүтээл, нийтлэлийн хэлбэр: "Мэс засал" сэтгүүлд дараах хэлбэрээр бүтээл нийтлүүлнэ. Үүнд:

  • Тэргүүн өгүүлэл /Original articles/
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл /Scentific articles/
  • Мэс заслын арга, технологи / Surgical Techniques/
  • Тохиолдлын танилцуулга / Case Report/
  • Хэвлэлийн тойм /Medical Reviews/
  • Мэдээлэл / Information/
  • Санал, шүүмж
  • Шинэ номын танилцуулга /New Publications/

Тэргүүн өгүүлэл нь мэс заслын салбарын ойд зориулсан хөгжлийн түүхэн өгүүлэл, нэрт мэс засалч, эрдэмтдийн тухай нийтлэл, нийгэмлэг болон удирдах албаны хүмүүсийн мэндчилгээ, салбарын тулгамдсан асуудал хөндсөн өгүүлэл, салбарын хөгжлийн орчин үеийн ололт амжилтын талаархи нийтлэл байна.

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь мэс заслын салбар бүрээр бүлэглэн нийтлэгдэх бөгөөд гарчиг, түлхүүр үг, үндэслэл (зорилгоо багтаасан), хэрэглэгдэхүүн ба аргазүй, үр дүн, хэлцэмж, дүгнэлт, Англи хэл дээр бичсэн хураангуй, ном зүй, талархал, хавсралт гэсэн бүтэцтэй байна. Хэрэглэгдэхүүн ба арга зүй нь тодорхой, судалгааны үр дүн, хэлцэмж нь дэлгэрэнгүй бичигдсэн байх ёстой.

Мэс заслын арга, технологи нь тухайн салбарт нэвтэрч үр дүн нь нотлогдсон олон улсын шалгарсан арга, технологи байвал зохилтой. Нийтлэл нь гарчиг, үндэслэл, аргачлал, үр дүн, хэлцэмж (давуу талаа бичсэн), дүгнэлт, Англи хэл дээр бичсэн хураангуй, ном зүй гэсэн бүтэцтэй байна. Хийх аргачлал тодорхой бичигдсэн, зургаар илэрхийлсэн байвал сайн.

Тохиолдлын танилцуулга нь ховор, сонирхолтой, туршлага санамж авах тохиолдлын талаар гарчиг, үндэслэл, тохиолдлын танилцуулга, үр дүн, хэлцэмж, дүгнэлт, Англи хэл дээр бичсэн хураангуй, ном зүй гэсэн бүтэцтэй байна. Тохиолдлын танилцуулга хэсэг нь дэлгэрэнгүй, зургаар илэрхийлсэн байвал сайн.

Хэвлэлийн тойм нь гарчиг, хэвлэлийн тойм, ном зүй, Англи хэл дээр бичсэн хураангуй гэсэн бүтэцтэй, тухайн сэдвээр хэвлэгдсэн сүүлийн үеийн ном, сэтгүүлийн материалыг түлхүү оруулсан мэдээлэл сайтай байх ёстой.

Мэдээлэл нь тасаг, багийн танилцуулга, шинээр Анагаах ухааны боловсролын болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэдийн танилцуулга, зургийн хамт, гадаадад мэргэжил дээшлүүлсэн, олон улсын хуралд оролцсон тухай тэмдэглэл гэх мэт мэс заслын эмч нарт мэдээлэл сайтай, өгөөжтэй байх шаардлагатай.

Санал, шүүмж нь туурвигдсан мэргэжлийн ном, гарын авлага, нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, мэс заслын арга, технологи зэрэгт өгсөн, товч бичигдсэн санал, шүүмж байна.

Шинэ номын танилцуулга нь мэс заслын чиглэлээр туурвигдсан шинэ номын товч тухай байх бөгөөд номын нүүр хуудсыг өнгөтөөр хэвлэж, зохиогчдын нэр, хэнд зориулсан, номын бүтэц, гол агуулгыг бичнэ.


Бүтээл бичих заавар

Үндсэн хэсэг Монгол, хураангуй нь Англи хэлээр Arial фондоор, үсгийн 11 хэмжээтэй, мөр хоорондын зай Single, А4 хуудасны 5-8 нүүрэнд багтаан бичигдэнэ. Бүтээл нь бүхэлдээ Англи хэлээр бичигдсэн байж болно. Гадаадын судлаачид Монгол хэлээр бүтээлээ бичих боломжгүй бол бүтээлийг зөвхөн Англи хэлээр бичиж сэтгүүлд хандана.

Гарчиг 12 хэмжээтэй, bold байна. Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1, 2, 3 гэж жижгээр тэмдэглэж нэрсийн дор зохиогчийн харьялагдах албан байгууллага, эмнэлгийн нэр байна. 1-р зохиогч нь үндсэн судлаач, сүүлийн зохиогч нь удирдсан багшийн нэр байна. Хариуцлагатай зохиогчийн баруун дээд өнцөгт ٭ тэмдэглэлийг хийж, е-майл хаягийг нь бичнэ.

Монгол хөвгүүдийн шамрааны хөгжил

Оргилмаа Р, Сэргэлэн О, Хорлоо Ж, Эрдэнэцэцэг Ч,Эрдэнэ С, Шийрэвнямба А٭

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

٭Email: [email protected]

  • Бүтээл нь оршил, материал арга зүй, үр дүн, хэлцэмж, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгүүдтэй байна.
  • Бүтээлд агуулагдаж буй хүснэгт, зургийн нэр, дугаар, тайлбар зэрэг нь англи хэлээр бичигдсэн байна.
  • Англи хураангуй нь гарчиг, үндсэн, хамтарсан, удирдсан буюу хариуцлагатай зохиогчдын нэрс, албан байгууллага болон оршил (Introduction), материал арга зүй (Materials and Methods), үр дүн (Results), дүгнэлт (Conclusions) зэргийг агуулсан бүтээлийн товч утгийг 300 үгэнд багтааж, алдаагүй бичсэн байна. Англи хэлээр бичигдсэн хураангуй, хүснэгт, зургийн нэр, тайлбар нь гадаадын судлаачдад өөрийн бүтээлээ танилцуулах боломжийг олгох, ишлэл авахад хэрэг болохоос гадна сэтгүүлийн нэр хүнд өсөн дэвжихэд чухал билээ.
  • Түлхүүр үг нь бүтээлийн санааг илэрхийлэх 5 хүртэл үг байна.
  • Номзүйг бичихдээ Ванкувер системээр буюу тухайн өгүүлэлд ишлэл авсан дараалалаар бичнэ. Ишлэлийг [1] гэж тэмдэглэнэ . Зохиогчийн нэр, овгийн эхний үсгүүд, өгүүллийн нэр, ашигласан ном, сэтгүүлийн нэр, он, боть, дугаар, хуудас гэсэн дараалалаар бичнэ. Жишээ нь:
  • Оргилмаа Р, Сэргэлэн О, Хорлоо Ж, Эрдэнэцэцэг Ч, Эрдэнэ С, Шийрэвнямба А. Монгол хөвгүүдийн шамрааны хөгжил. Монголын Анагаах Ухаан 2016;175:31-35
  • Бүтээлд нэр томъёог товчлохдоо бүтээлийн эхэнд бүхлээр нь бичээд хаалтанд товчилсон үсгээ бичнэ. Цаашид товчилсон хэлбэрээр бичнэ.
  • Хүснэгтийн дээд эхэнд Хүснэгт тэд гэсэн дугаар түүний араас хүснэгтийн нэрийг бичнэ. Хүснэгт нэргүй байж болохгүй.
  • Зураг өнгөт, шаардлага хангасан чанартай байна. Зургийн доор голд Зураг тэд гэсэн дугаар түүний араас зургийн тайлбар, нэрийг бичнэ. Өвчтөний нүүрний зураг тавигдах тохиолдолд тухайн өвчтөн гэж мэдэгдэхгүйгээр нүд болон бусад хэсгийг бүрэн хаасан байх шаардлагатай.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Урьд өмнө өөр хэвлэлд хэвлэгдээгүй, өөрийн хийсэн судалгаа байх. Гэхдээ урьд өмнө онол практикийн хуралд хэлэлцүүлсэн илтгэлийн бүрэн эх өгүүлэл байж болно.
  • Хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалаар хийгдсэн судалгааны ажил, бүтээл байх.
  • Бүтээл бичих зааврыг чанд баримтлан ямар нэг техникийн болон үг үсэг, өгүүлбэр зүйн алдаагүй байх.
  • Бүтээлийг e_mail болон флашаар мөн хэвлэгдсэн байдлаар уг судалгааны ажлын удирдагчийн завшөөрлийн хамт [email protected] хаягаар хүргүүлнэ. Холбоо барих утас: 94000269, 99011635. Судлаач эргэж холбоо барих утасны дугаар, e-mail хаягаа бичиж өгнө.
  • Сэтгүүлийн гүйцэтгэх эрхлэгчээс бүтээлийг ерөнхий эрхлэгчид танилцуулж сэтгүүлийн зөвлөлийн гишүүдэд уншуулж хянуулна.
  • Бүтээл нь сэтгүүлийн шаардлагыг хангасан, сэтгүүлийн зөвлөлийн гишүүд нийтлэхийг зөвшөөрсөн тохиолдолд сэтгүүлд хэвлэнэ.
  • Сэтгүүлд материалыг жил тойрон хэдийд ч ирүүлж болно. Заавал зар хүлээх шаардлагагүй.